Их Британи ЕХ-ноос гарах бэлтгэлд дөрвөн тэрбум фунт.стерлинг зарцуулжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-03-06 14:50:41

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Засгийн газрын харьяа байгууллагууд Европын Холбооноос /ЕХгарах бэлтгэлд дөрвөн тэрбум гаруй фунт.стерлинг зарцуулсан гэж тус улсын Үндэсний аудитын газар баасан гарагт мэдээлжээ.


Энэхүү хөрөнгийг албан хаагчид, хөндлөнгийн зөвлөгөө, зар сурталчилгаа зэрэгт зориулжээ. Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Засгийн газар ЕХ-ноос гарах бэлтгэлийг хангахад “шаардлагатай бүх санг бүрдүүлсэн” ажээ. Харин Лейборист намынхны үзэж буйгаар, консервативчууд “Brexit”-тэй холбоотой саад бэрхшээлийг нуун далдлахын тулд олон тэрбум фунт.стерлингийг салхинд хийсгэжээ.


4.4 тэрбум фунт.стерлингийн тэн хагасаас илүү хувийг Дотоод хэргийн яам, Татвар, гаалийн газар, Байгаль орчны яам захиран зарцуулжээ. Сангийн яам 2016-2017, 2019-2020 онд Их Британийг ЕХ-ноос гэрээтэй эсвэл гэрээгүй гарах үйл явцад зориулан 6.3 тэрбум фунт.стерлингийг бүрдүүлжээ. Үүнээс 1.9 тэрбум фунт.стерлингийг албан хаагчдын зардалд зориулсан байна.


Үндэсний аудитын газрын мэдээлснээр, ажилтан, албан хаагчдын тоо 2019 оны 10 дугаар сард дээд цэгтээ хүрсэн бөгөөд тухайн үед “Brexit”-ийн төлөвлөлтөн дээр 22 мянган ажилтан ажиллаж байжээ. Зар сурталчилгаа, шинэ систем бий болгох болон бусад үйлчилгээнд хамгийн багаар тооцоолоход 1.5 тэрбум фунт.стерлинг зарцуулагдсан бөгөөд үүнд Засгийн газраас хэрэгжүүлсэн “Brexit”-д бэлтгэцгээе кампанит ажлын 46 сая фунт.стерлинг багтжээ. 

Холбоотой мэдээ