Эрдэнэхайрхан сум хамгийн олон мянгат малчинтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-04 11:04:38

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт өнөөдрийн байдлаар 15644 малчин байгаагаас 63 хувь нь 35-59 насныхан байна.

Харин 15-34 насны 4225, 60-аас дээш насны 2034 малчин байна. Нийт малчдын 56.1 хувь нь эрэгтэй, 43.9 хувь нь эмэгтэй. Аймгийн хэмжээнд 2019 оны мал тооллогоор нийт 642 мянгат малчин өрх тоологдсоноос Эрдэнэхайрхан сум 79 мянгат малчинтай болж тэргүүлжээ. Үүний дараа Алдархаан сум 78, Яруу сум 60 мянгат малчдаар тус тус 24 сумаа тэргүүлсэн байна. Энэ онд 8921 малчин өрх, 4471 мал бүхий өрхийн мал тоологдсон бөгөөд өрхийн тоог өмнөх онтой харьцуулахад малчин өрх 157-оор буурч, мал бүхий өрх 287-оор өссөн байна. Энэ нь нэр дээрээ малтай боловч өөрсдөө малаа хариулахгүйгээр хөлсөөр малаа хариулдаг тогтолцоо бий болсонтой холбоотой юм.

Завхан аймгийн тухайд сүүлийн гурван жилийн судалгаанаас үзэхэд малчдын нас залуужиж байна. Тиймээс залуу малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор малчдын зургаан настай хүүхдүүдийг сурах, амьдрах орчноор нь хангах зорилгоор сум бүрд гэр өргөөг байгуулжээ. Мөн залуу малчдын өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжоор хангахаар хэд хэдэн зорилтот сургалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Жил бүр малчдын чуулганыг зохион байгуулж тэдэнд эрүүл мэндийн цогц үйлчилгээнд хамрагдах боломжоор хангаж байгаа гэхчлэн бодлогоор дэмжиж хамтран ажиллаж байна. Мөн долоон сум өнгөрсөн жил ахмад малчдаасаа суралцах, тэдний арга туршлагыг залуу малчдад өвлүүлэх зорилгоор зорилтот ажлыг амжилттай явуулсан хэмээн аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

 

Холбоотой мэдээ