Өнөөдрийн байдлаар 50 гаруй хүнд нэвтрэх бичгийг олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэр болон аймгийн Засаг даргын захирамжаар хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг сунгасан нь золголтоор ирсэн иргэдэд хүндээр тусч байна.
Арвайхээр сумын төвөөс гадагш гарахдаа аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авах бөгөөд ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай тусламж, албан ажлын зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд холбогдох байгууллагуудын албан бичгийг үндэслэн нэвтрэх зөвшөөрөл олгох юм. Гэтэл бусад аймаг, хотоос ирсэн иргэдийн дийлэнх нь эцэг эх, ах дүүсдээ золгохоор ирсэн тул хорионы хугацаа дуустал хүлээх шаардлагатай болж байна.
Харин “Хязгаарлалтын дэглэмд орсон” гэх албан бичгийг Онцгой байдлын газраас олгох тул буцах үедээ тэрхүү бичгийг албан ажилдаа авч очиж болохыг аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар 50 гаруй хүнд нэвтрэх бичгийг олгоод байгаа бол мөн 50 гаруй хүнийг нэвтрэх боломжгүй хэмээн буцаажээ.