МАН, МАХН хоёр тохиролцоонд хүрч чадсангүй

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-04-26 17:19:08

ЛОНДОН. /Channelnewsasia/. Монголын сөрөг хүчний хоёр том намын сонгуульд хамтрах гэрээ байгуулах оролдлого бүтэлгүйтэж, Монгол Ардын намын /МАН/ сонгуульд ялах магадлал буурлаа. Таван жилийн өмнө дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө цойлж байсан Монголын хувьд энэ зургадугаар сард болох сонгууль ихээхэн ач холбогдолтой юм.

Өнгөрсөн дөрвөн жилийн туршид Монголын эдийн засгийн өсөлт удааширч, гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор эрх баригч Ардчилсан намын /АН/ хувьд энэ удаагийн сонгууль хүндхэн байх бөгөөд энэ байдлыг МАН ашиглах эсэх нь тодорхойгүй байна.

2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17.5 хувь буюу тус улсын түүхэн дэх хамгийн өндөр, дэлхийн хэмжээнд хамгийн хурдтайд тооцогдож байсан бөгөөд энэ үед МАН төрийн эрхийг барьж байсан юм. Мөн тус нам Монголын эдийн засгийн өсөлтөд гурван жилийн тэсрэлтийг бий болгосон “Оюутолгой” ордын хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд батлах үед эрх барьж байсан билээ.

Энэ үеэс хойш Монголын Засгийн газар болон “Рио Тинто” компанийн хооронд “Оюутолгой”-н асуудлаар маргаан үүсч, тус улсын уул уурхайн салбар хүнд цохилтод орсон.

Мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсны нөлөө туссан орнуудын нэг бол уур уурхайгаас хамааралтай Монгол Улс юм. Монгол нь олборлосон зэс, алт, нүүрсээ бараг бүгдийг нь Хятадад нийлүүлдэг билээ.

Монгол Улс 1990 оноос өмнө ЗХУ-ын нөлөөнд байсан бөгөөд тухайн үед тус улсын төрийг эрхийг барьж байсан МАН болон МАХН хоорондын хэлэлцээ лхагва гараг хүртэл сунжирсан байна. Улмаар хоёр нам парламентад авах суудлыг хуваарилах асуудлаас санал нэгдээгүйн улмаас сонгуулийн гэрээ амжилтгүй болсон тухай Монгол Ардын нам мэдэгдэлдээ дурджээ.

“Mongolian Metals & Mining” судалгааны компанийн тэргүүн Дэйл Чой энэ талаар хэлэхдээ "тэд бие биенийхээ саналыг хуваах учир сонгууль тэдэнд хүндхэн байх байсан. Энэ нь Монгол ардын намд хүчтэй нөлөөлнө" гэжээ .

МАХН нь анх 2012 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын удирдлага дор сонгуульд оролцсон байна. Н.Энхбаяр 2012 онд авлигын хэргээр шийтгүүлж, дараа жил нь өршөөлөөр суллагдан гарч ирсэн билээ.

Санал асуулгаар МАН 14.6 хувийн дэмжлэг авсан нь одоогийн эрх баригч АН /11.6/-аас илүү байсан юм. Харин гуравт МАХН 6.8 хувьтай орсон байна.

Монголын “Тавантолгой” нүүрсний ордод дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалт татах гэрээтэй холбоотойгоор АН дотор хагарал үүсч, Засгийн газрын хувьд байдал төвөгтэй байна. Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 онд уг гэрээг байгуулах асуудлаар хэлэлцээг хийсэн боловч УИХ-ын дарга З.Энхболд хөрөнгө оруулагчид гэрээнд гарын үсэг гэж байсан өдөр уг гэрээг зогсоожээ.

Д.Нямтулга

 

 

 

 

 

Холбоотой мэдээ