Орон нутгийн галт тэрэг хоёрдугаар сарын 23-26-нд зорчихгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-22 11:54:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг 2 дугаар сарын 23-27-нд зогсоохоор Улсын Онцгой комисс шийдвэрлэсэн. Үүний дагуу орон нутгийн чиглэлийн галт тэрэг өнөөдрөөс эхлэн урд, хойд чиглэлд зорчихгүй болсныг УБТЗ ХНН мэдээллээ. 


БНХАУ-д өргөн тэмдэглэсэн хаврын баярын үеэр халдварын голомт Ухань хотоос иргэд орон даяар шилжих хөдөлгөөн хийснээс вирусний тархалт нэмэгдсэн гэж шинжээчид дүгнэсэн. Монголчууд үүнээс сургамж авах шаардлагатай хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын Онцгой комиссын дээрх шийдвэрийг танилцуулахдаа мэдэгдэж байсан юм. 


Тиймээс 2 дугаар сарын 22-нд буюу өнөөдөр Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Зүүнхараа, Эрдэнэт, Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар-Шарын голын чиглэлийн галт тэрэг аялахгүй болж байна. 

2 дугаар сарын 23-26-нд орон нутгийн бүх зорчигч галт тэрэг зорчихгүй болсныг мэдэгдлээ. 

2 дугаар сарын 27-нд мөн Зүүнхараа-Улаанбаатарын 282-р галт тэрэг, Сүхбаатар-Улаанбаатарын 272, Улаанбаатар-Шарын гол-Улаанбаатарын чиглэлийн 604 болон 605-р галт тэрэг, мөн Дархан-Шарын гол-Дархан чиглэлийн 606 болон 603-р галт тэрэг аялахгүй болжээ. 

Дээрх өдрүүдэд дурдсан чиглэлийн галт тэргээр зорчих тасалбар худалдан авсан зорчигчдын тасалбарыг шимтгэл, хураамжгүй төлбөрийг буцаан олгоно гэж УБТЗ-аас мэдээллээ. 

2 дугаар сарын 23, 25-ны Улаанбаатар-Эрхүү, 2 дугаар сарын 24, 25-ны Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу аялах юм байна. Ингэхдээ Зүүнхараа, Дархан өртөөнд зорчигч буулгаж суулгахгүй ба зөвхөн Сүхбаатар өртөөнөөс суух болон Сүхбаатар өртөөнд буух тасалбартай зорчигчийг тээвэрлэх талаар мэдээллээ.



Холбоотой мэдээ