Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-21 17:09:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт 8.1 тэрбум төгрөгийн өр, авлага үүсээд байгаа талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар хэлэлцлээ. 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Тэрээр, нийт парк хуучирч засвар үйлчилгээ их шаардагдах болсон. Мөн дизель түлшний Онцгой албан татвар болон валютын ханш өссөн, зарим өрийг шүүхээр төлсөн зэрэг нь нийтийн тээврийн салбарыг хүнд байдалд оруулж байна гэж өнөөдрийн өр, төлбөрийн үүссэн шалтгааныг танилцуулав. Тухайлбал, хуучин “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын 2012 онд хийсэн гэрээний дагуу троллейбусны зохиогчийн эрхийн төлбөрт 1.8 тэрбум төгрөг төлж барагдуулсан зэргээс өр хуримтлагджээ. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Ганхүү нийслэл хотод үйлчилгээнд явж байгаа 1000 гаруй автобусны 80 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байгааг хэлж, энэ онд нийтийн тээвэрт 100 хувь парк шинэчлэл хийхээр төсөв суулгасныг дуулгалаа. Тэрээр, "Хуучин автобусны сэлбэг хэрэгсэлд их хэмжээний хөрөнгө зарцуулж, нийтийн тээврийнхэн тэвчиж болох зардлаа хэмнээд, төсөвт ачаалал үүрүүлэхгүй байхаар төлөвлөж байна" гэв.


НИТХ-ын дарга Р.Дагва хэлэхдээ, "Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нар ойлгох хэрэгтэй. Айлын эрх хүүхэд шиг зориуд ийм асуудал үүсгээд дараа нь урвайгаад суудаг. Ардаа нэг том шантаажтай. Та нар шийдэхгүй бол ажил хаяна гэж айлгадаг. Өөрсдөө менежмент үйл ажиллагаагаа сайжруулдаггүй. Үүний ард нийслэлийн 1.5 сая иргэд, зорчигч хохирох ёсгүй. Тиймээс энэ өр төлбөр авлигыг өнөөдөр шийдэх хэрэгтэй" гэдгийг онцолж байв.

НИТХ-ын тэргүүлэгчдийн олонх нь нийтийн тээврийн компаниудын менежментийг шүүмжилж байв. Хэлэлцэж буй асуудлаар зориулалт, зарцуулалтыг өөрчлөх бус зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулах хэрэгтэй учраас шийдвэрлээд явах нь зүйтэй гэсэн саналыг хэлж, өр, авлагыг нийслэлийн 2020 оны төсөвт баталсан машинт цагийн зардлаас урьдчилан санхүүжүүлэхээр боллоо.  


Холбоотой мэдээ