Төрийн албан хаагчдын 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-02-21 11:46:29

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт 208 байгууллагад 5400 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд тэдний 68 хувь нь эмэгтэйчүүд байна.

Завхан аймаг төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын системийн программ хангамжаа шинэчилж  төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргажээ.

Тодруулбал тус аймагт  208 байгууллагад 5485 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс төрийн захиргааны 662, төрийн үйлчилгээний 4300 гаруй, улс төрийн 189, төрийн тусгай 216  албан хаагч тус тус ажиллаж буй.

Тус аймаг 2018 оныг Сахилга хариуцлагыг сайжруулах жил болгон төрийн үйлчилгээг баг, иргэн бүрт хүргэж ажиллахаа зарлаж амжилттай ажилласан байна. Харин өнгөрсөн онд иргэнээ дээдэлсэн иргэн төвтэй аймаг болох зорилт тавьж ажиллажээ.

Тиймээс төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг төрийн алба хаагчид сахилга хариуцлагатай, үнэнч шударга байх ёстой хэмээн үзэж аймгийн төрийн албан хаагчдын баримтлах зарчмыг гаргажээ.


Зарчимд төрийн албан хаагч нь хариуцлагатай байх, хүнд сурталгүй, иргэдтэй ойр байж тэдний санаа бодлыг сонсдог байх, шударга авилгаас ангид байх, төрийн залгамж халааг хадгалах, шуурхай цаг хугацааг баримталдаг байна гэхчлэн 9 зарчмыг баталжээ.

Энэхүү зарчмыг 2018 оны нэгдүгээр сараас эхлэн одоог хүртэл мөрдөн ажиллаж байна.
Монгол Улсын төрийн алба хаагчид төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг сахин мөрдөж үйл ажиллагаандаа шударга ёсны, хууль дээдлэх, тэгш байдал, хариуцлага хүлээх, олон нийтэд үйлчлэх. ёс зүйн зарчмыг баримтлан ажилладаг ажээ.

Холбоотой мэдээ