Аюултай хог хаягдлыг халдваргүйжүүлэх боломж бүрдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-02-21 13:15:06

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аюултай хог хаягдлын ангилалд орох халдвартай болон хурц үзүүртэй хог хаягдлыг ангилан ялгаж,  халдваргүйжүүлэх нөхцөл боломж өнөөг хүртэл тус аймагт бүрдээгүй байна. Өөрөөр хэлбэл аж ахуй нэгжүүдийн  халдваргүйжүүлэлтийн автоклав 2016 оноос хойш ажиллахаа больжээ.

МХЕГ-ын даргын албан даалгаврын хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах зорилгоор 02 дугаар сарын 17-ноос 19-ний хооронд дэмжлэгт хяналтыг хийсэн.

Уг хяналтаар дээрх асуудлыг зайлшгүй анхаарч, шийдвэрлэх шаардлагатай байгаа учир аймгийн Онцгой комиссын дарга,аймгийн  Засаг даргад албан тоот хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд энэ ариутгал халдваргүйжүүлэлтийн автоклавыг яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй гэж аймгийн МХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Өлзиймөнх хэллээ.

Харин үүнд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа тайлбар өгөхдөө, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эрүүл мэндийн салбар хөгжил-5” төсөл манай аймагт хэрэгжинэ.

Уг төслийн хүрээнд 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Автоклавыг ашиглалтад оруулахын тулд эхлээд дэд бүтцийг шийдвэрлэх ёстой. бид орон нутгаас 67 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн.

Гэтэл энэ ажлыг гүйцэтгэхээр тендерт орсон компаниудаас шаардлага хангах компани шалгараагүй байна. Хэрвээ гүйцэтгэгч тодорхой болоод дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэчихвэл дээрх төслийн хүрээнд бусад ажлыг хийхэд бэлэн  гэв.

 

Холбоотой мэдээ