БНАСАУ-д хөл хорионы хугацааг 30 хоног болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-02-20 12:17:04

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор халдвар авсан байх өндөр эрсдэлтэй хүмүүсийг хөл хорионд оруулах хугацааг 30 хоног болгон сунгахаар болжээ.


БНАСАУ-аас НҮБ-д суугаа элчин сайд Хан Тэ Сун “Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэрээ энэ талаар мэдээлжээ. “БНАСАУ-д аминд халтай коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа боловч манай улстай хил залгаа оршдог Хятад улсад 2000 гаруй хүн нас барсан” гэдгийг тэрбээр ярилцлагынхаа үеэр онцолсон байна.


“Хөл хорионы хугацааг сунгасан талаарх мэдээлэл надад ирсэн. Уг хугацаа 14 хоног байсан боловч судлаачид коронавирусний далд үе 3 долоо хоног хүртэл үргэлжилж болзошгүйг тогтоосонтой холбоотойгоор 30 хоног болгосон байна. Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс зардал багатай юм” гэж БНАСАУ-аас НҮБ-д суугаа элчин сайд хэлжээ.


Хан Тэ Сунаас БНАСАУ-д халдвар авсан байх магадлалтай тохиолдлууд бүртгэгдсэн эсэх талаар лавлахад тэрбээр шууд хариулаагүй боловч сэжигтэй тохиолдлууд гадаадын орнуудаар аялсан хүмүүс байж болзошгүй хэмээн хэлсэн байна. БНАСАУ-д коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Пёньян хот дахь салбар өмнө нь нотолсон юм. 

Холбоотой мэдээ