ААН-үүд халдваргүйжүүлэлтэд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-15 21:38:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд 24 цаг зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өнөөдөр болсон Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр мэдээллээ.


НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун мэргэжлийн хяналтын нийт байцаагчдын 60 хувьд нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлээр хангасан талаар мөн мэдээллээ. Тус газар 380 хүнд сургалт зохион байгуулж, нийт байцаагч нарт ажиллах зааварчилгааг ХӨСҮТ-өөс хүргүүлсэн. Шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт хийж байна гэв.

"Нийслэлд 7950 ААН-д ариутгал халдваргүйтгэлийг хийгээд байна. Нийслэлийн Засаг даргын 168-р захирамжийн хүрээнд сүм хийдийн удирдлагуудад хурал цуглаан зохион байгуулахгүй байх мэдэгдлийг хүргүүллээ. Мөн 889 ААН-ийн эрхэлж буй баар, караокег хянаж зөрчилд тухай бүр хариуцлага тооцон ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа бүрэн зогссон" гэж мэдэгдлээ.


Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан, "Урин дулаан цаг ирж байгаа энэ үед элдэв төрлийн нян, бактери нэмэгдэх эрсдэлтэй тул ариутгал халдваргүйтгэлийг шуурхай хийж бэлэн байдлыг хангаж ажиллах хэрэгтэй" гэсэн үүрэг даалгаврыг НОК-ын гишүүд, дүүргийн Засаг дарга нар, албан тушаалтнуудад өглөө.

Хуралдаанаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт ажилтан, албан хаагчдыг 3 дугаар сарын 2 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах хуваарь, ажлын төлөвлөгөөг баталлаа.


Нийслэлд өнөөдөр ААН-үүд ойр орчмын 50 м талбайгаа цэвэрлэх ажилд идэвхтэй оролцлоо. Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албан хаагчид холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцох, шуурхай удирдлагаар хангах, бодит мэдээлэл хүргэх, газар дээр нь хянаж шалган ажиллав.

Өнөөдөр Баянгол дүүргийн 1, 6, 9, 14, 17-р хороо, Хан-Уул дүүргийн 9-р хороо, Сүхбаатар дүүргийн 7, 18-р хороодод "Санхими" ХХК ариутгал халдваргүйтгэл хийж дуусгаад байна. Тухайлбал, "Олон овоот" ХХК 2 ариутгагчийн хамтаар СӨХ-үүдэд ариутгал хийжээ.


Холбоотой мэдээ