Б.Жонсон Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг шинэчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-02-14 11:32:32

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэд хэдэн сайдыг шинээр томилж, Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг шинэчиллээ.  Энэ тухай тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.  


Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб, Дотоод хэргийн асуудал эрхэлсэн сайд Прити Пател, Хууль зүйн сайд Роберт Бакленд, Батлан хамгаалахын сайд Бен Уоллес нар Засгийн газарт суудлаа хадгалж үлджээ.


Түүнчлэн онцгой үүргийг хариуцсан сайд Майкл Гоув, Эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан сайд Мэтт Хэнкок, Гадаад худалдааны сайд Элизабет Трасс, Уэльсийн хэрэг эрхэлсэн сайд Саймон Харт, Шотландын хэрэг эрхэлсэн сайд Алистер Жек, Тээврийн сайд Грант Шеппс, Орон сууцны барилга, бүс нутаг, орон нутгийн засаг захиргааны хэрэг эрхэлсэн сайд Роберт Женрик, Боловсролын сайд Гэвин Уильямсон, Хөдөлмөр, тэтгэврийн асуудал эрхэлсэн сайд Териз Коффи нар албан тушаалдаа хэвээр үлдсэн байна.


Олон улсын хөгжлийн сайд Энн-Мари Тревелиан, Бизнесийн асуудал эрхэлсэн сайд Алок Шарма, Тоон технологи, соёл, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, спортын сайд Оливер Дауден, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн сайд Жорж Юстис нар Засгийн газрын шинэ гишүүн болжээ.


Энэ нь “Brexit”-ийн дараа Их Британийн Засгийн газарт хийсэн анхны халаа сэлгээ юм. Тус улс хоёрдугаар сарын 1-нд Европын Холбооноос бүрэлдэхүүнээс гарсан билээ.


Холбоотой мэдээ