Брюсселийн метроны үйл ажиллагааг сэргээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-25 16:10:27

БРЮССЕЛЬ. /RIA Novosti/. Бельгийн нийслэл Брюссель хотын “Мальбек” метроны үйл ажиллагааг сэргээжээ.

Гуравдугаар сарын 22-нд халдлага болсон уг метроны үйл ажиллагааг сэргээснээр зорчигчид нийслэлийн метроны бүх 69 буудлаар дахин үйлчлүүлж эхэлнэ. Метро даваа гарагаас эхлэн ердийн хуваарийн дагуу өглөөний 4 цаг 40 минутаас оройн 12 цаг 30 минут хүртэл зорчигчдод үйлчилнэ. Үүнээс өмнө аюулгүй байдлыг хангах үүднээс метроны ажиллах цагийн хуваарийг өглөөний 7 цагаас оройн 10 цаг хүртэл хязгаарласан байжээ. 

“Belfius Insurance” даатгалын компанийн шинжээчдийн тооцоолсноор, гуравдугаар сарын 22-нд Брюсселийн метронд болсон халдлагатай холбоотойгоор төлөх даатгалын төлбөр 160 сая еврод хүрэх бололтой. Даатгалын төлбөрийг тооцон гаргахдаа халдлагад амиа алдсан болон гэмтэж шархадсан хүмүүсийн ар гэрт олгох нөхөн төлбөр болон метронд учирсан эд материалын хохирлыг тооцжээ.

Даатгалын нөхөн төлбөрийг Бельгийн даатгалын 60 орчим компани гаргах ёстойгоос “Belfius Insurance” компанийн хувьд 10 сая еврог хохирогчдод олгох аж.

Гуравдугаар сарын 22-нд Брюсселийн олон улсын нисэх онгоцны буудалд хоёр дэлбэрэлт болсноос хэсэгхэн хугацааны дараа "Мальбек" метроны буудалд гурав дахь дэлбэрэлт болсон билээ. Халдлагын улмаас 32 хүн амиа алдаж, 300 гаруй хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан байна. Цуврал халдлага үйлдсэний хариуцлагыг террорист “Лалын улс” бүлэглэл хүлээжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ