Тосгоны бэлгэ тэмдгийг багийн Иргэдийн нийтийн хурлаар баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-06 11:40:20

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны бэлгэ тэмдгийг багийн Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийн энэ оны анхдугаар хурлаар баталсан байна.

Рашаант тосгоны бэлгэ тэмдгийн ногоон өнгөөр дүрсэлсэн хүрээ нь ган гачиггүй байхыг бэлгэдсэн бөгөөд баруун болон зүүн доод буланд буудайг дүрсэлжээ. Мөн газар тариалангийн голлох бүс болохыг, баруун, зүүн дээд хэсэгт төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн наст хээгээр нотолж байгаа аж. Бэлгэ тэмдгийн төв хэсэгт Цуу тайж хайрханаа уулаар төлөөлүүлжээ. Түүнчлэн газар тариаланг ногоон өнгөөр, хадлан тэжээлийн талбайг үргэлжид ургац арвин байхыг бэлгэдсэн байна.

Мөн логондоо орон нутгийн голлох салбарын нэг төмөр замын зангилаагаа орхисонгүй. Галт тэргээр төлөөлүүлж, эрчимжсэн мал аж ахуйг доор нь шаргал өнгөөр товойлгон харуулсан байна. Эцэст нь оройн хэсэгт чандмань эрдэнэ байрлуулсан нь газар тариалан, мал аж ахуй хослон хөгжиж, ард иргэдийн амьдралыг тэтгэн элбэг дэлбэг байхыг бэлгэджээ. Логоны доод хэсэгт Орхон түшээ мөрнөө төлөөлүүлэн усан хээг оруулж өгчээ.  

Холбоотой мэдээ