БНХАУ-ын иргэдийг ОХУ-д визгүй аялахыг түр хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /RIA Novosti/. Шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-ын эрх баригчид БНХАУ-ын иргэдэд ажлын виз олгох, мөн Орост визгүй аялахыг түр хугацаагаар хориглов. Холбогдох захирамжийг Оросын Засгийн газрын цахим хуудсанд нийтэлжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам онцгой нөхцөл байдалд үндэслэн гаргасан арга хэмжээнийхээ талаар Бээжинд мэдэгдэх аж.
Дээрх захирамж зөвхөн аялал жуулчлалын хүрээнд ОХУ-д ирж буй Хятадын иргэдэд хамаатай байна. “Бид Оросын иргэдийг Хятадад аялахыг хязгаарлаагүй, гэхдээ тус улсад зорчихоос татгалзахыг зөвлөсөөр байгаа” гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдээлэлд дурджээ. ОХУ-д өмнө нь халдварын хоёр тохиолдол Өвөр Байгалын хязгаар болон Тюмень мужид илэрсэн. Халдвар авсан хүмүүс хоёулаа Хятадын иргэд байсан байна.
Халдвар илэрсэнтэй холбоотойгоор Оросын эрх баригчид халдвар тархахаас урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авжээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн "Аэрофлот”-ын Бээжин, Хонконг, Шанхай, Гуанжоу руу, мөн Хятадын агаарын тээврийн компаниудын Шереметьево руу хийх тогтмол нислэгүүдээс бусад нислэгийг түр зогсоосон байна. Мөн Алс Дорнодын таван бүс нутагт Хятадтай залгаа хилээ хааж, Монгол Улстай залгаа хилээр нэвтрэх урсгалыг хязгаарлажээ.
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шалгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай тус улсын эрх баригчид өнгөрсөн оны сүүлчээр мэдээлсэн. Өвчний үүсгэгч нь “2019-nCoV” коронавирус болохыг шинжээчид тогтоосон билээ.
Хятадад шинэ төрлийн коронавирусний халдвар авсны улмаас 300 гаруй хүн нас барж, 14 мянга гаруй хүн халдвар авсан байна. Тус улсаас гадна вирусний халдвар Япон, Тайланд, АНУ, Австрали, Сингапур, БНСУ, Малайз, Вьетнам, Франц, Балба, Камбож, Герман, Шри-Ланка, АНЭУ, Финланд, Энэтхэг, Филиппин, Итали, Их Британи, ОХУ зэрэг дэлхийн 21 оронд илэрсэн юм. ДЭМБ Хятадаас өөр олон улсад илэрсэнтэй холбоотойгоор олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан билээ.