Ч.Ганхуяг: Нийслэлийнхэн өөрсдөө бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах нь чухал

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-01-24 14:55:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хөгжлийн талаар төр, хувийн хэвшлийнхэн хамтран ирэх сарын 7-нд чуулна. 

Энэ талаар Улаанбаатар хөгжлийн корпорац"-ын гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан, "Улаанбаатар Худалдааны танхим"-ын ерөнхийлөгч Ч.Ганхуяг, бусад холбогдох албаны төлөөлөл мэдээлэл хийлээ.

"Улаанбаатар-2019" эдийн засгийн чуулган "Нийслэлийн эдийн засаг-хөрөнгө оруулалт" болон "Ухаалаг хот" гэсэн 2 хэсгээс бүрдэн нийслэлд хэрэгжүүлж буй болон хэрэгжих бүтээн байгуулалтуудыг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэнд танилцуулж, хотын хөгжлийн талаар хэлэлцэнэ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа мэдэгдлээ.  


Нийслэлээс “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр болон “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ыг хэлэлцэн баталсан. Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын болон Ногоон эдийн засгийн гэсэн 2 сан байгуулаад байна. Тиймээс одоо бизнес эрхлэгчид, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар нийслэлд хөрөнгө оруулахад бэлэн гэдгийг мэдэгдэж байв. 


"Улаанбаатар хотын худалдааны танхим"-ын ерөнхийлөгч Ч.Ганхуяг, "Манай танхим 2015 оноос хойш ажиллаж байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд тулгамдаж байгаа зүйлийг зохицуулах, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр ажиллаж байна. Үр дүн гарч байгаа боловч цаашид илүү нягт ажиллаж, нийслэлийнхэн өөрсдөө бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах нь илүү чухал. Өнөөдөр тулгамдсан олон зүйлийг бүгдийг чуулганаар ярилцах хэрэгтэй” гэлээ.


Улаанбаатар хөгжлийн корпорацын гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан, "Чуулганд оролцогчдыг корпорац дээр бүртгэж байгаа. Ирэх 7 хоногоос бүх төрлийн бүртгэлийн системүүдээ ашиглалтад оруулж эхэлнэ. Нийт 1000 оролцогчтой байхаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын худалдааны танхим гардан зохион байгуулж байгаа учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцох саналаа ирүүлж байна” гэсэн юм.


Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ