Д.Трамп, И.Хан нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-22 10:37:02

ДАВОС. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан нар Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уулзжээ.


Д.Трамп хоёр талын уулзалтын үеэр АНУ-Пакистаны харилцаа хөгжиж буйг онцолсон бөгөөд талууд хоёр талын худалдаа болон өөр бусад асуудлын талаар хэлэлцсэн байна. Уулзалтын дараа АНУ, Пакистаны удирдагчид Афганистаны дайныг зогсоох чиглэлд хүчин чармайлт гаргахаар тохиролцжээ.


"АНУ Кашмир мужийн талаарх Энэтхэг, Пакистан хоорондын асуудлыг “анхааралтайгаар” ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд туслахад бэлэн байна" гэж Д.Трамп хэлсэн боловч хэрхэн туслалцаа үзүүлэх талаар дурдаагүй байна.


Энэтхэг, Пакистан тусгаар тогтнолоо 1947 онд зарласнаасаа хойш Кашмир мужийн асуудлаар санал зөрөлдсөөр иржээ. Өнгөрсөн оны наймдугаар сард Энэтхэг Кашмир луу цэргүүдээ илгээснээс хойш хоёр талын хурцадмал байдал улам даамжирчээ.


Харин И.Ханы үзэж буйгаар, АНУ, Пакистаны хувьд хамгийн тулгамдсан асуудал бол Афганистан ажээ. Афганистаны Засгийн газар болон “Талибан” бүлэглэлтэй хэлэлцээ хийх замаар тус улсад энх тайвныг цогцлоохыг хоёр улсын аль аль нь эрмэлзэж байгааг тэрбээр онцолсон байна. 


Д.Трамп Давос хотод уулзахаар төлөвлөсөн гурван удирдагчийн нэг нь И.Хан юм. АНУ-ын Ерөнхийлөгч мөн Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Иракийн Ерөнхийлөгч Бархам Салих нартай уулзана. 

Холбоотой мэдээ