26 оюутан Күнзийн институтийн тэтгэлэгтэй суралцах эрх авчээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-21 11:57:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд их сургуулийн дэргэдэх Күнзийн институтээс “Хаврын баяр-2020” үйл ажиллагаа зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд 30 гаруй багш, оюутан, иргэд оролцсон юм. Энэ үеэр Күнзийн институтийн суралцагчид хятад дуу, шүлэг сонирхуулахын зэрэгцээ юу сурч мэдсэнээ тайлагнав.  

Ховд их сургуулийн дэргэдэх Күнзийн институт нь 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд 500 орчим оюутан, сурагч, төрийн албан хаагч, хувиараа бизнес эрхлэгч иргэдэд хятад хэлний мэдлэг эзэмшүүлжээ.

Мөн 2016-2019 онд Ховд аймгийн 26 оюутан Күнзийн институтийн 100 хувийн тэтгэлэгтэй нэг сараас дөрвөн жилийн хугацаатай хэлний болон бакалаврын сургалтад хамрагдаж, БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцах эрх авсан аж. Тус институтийн хамт олон цаашид хятад хэл, соёлыг судлах, БНХАУ-д тэтгэлэгтэй суралцах сонирхолтой иргэдэд нээлттэй үйлчилж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлж байв.    

Холбоотой мэдээ