Өвөлжилт хүндэрч буй сумдад эрүүл мэндийн тусламж үзүүлж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-01-21 11:55:03
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хүндэрч байгаа сум, багт ажиллаж, малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх шийдвэр гарсан. Аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Д.Цэрэндоржоор ахлуулсан ажлын хэсэг Өгийнуур, Өлзийт, Хайрхан суманд ажиллаж байна.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Өгийнуур суманд ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн байна. Тус сумын цасны зузаан тал газраа 5-10 см, жалга гуу газраар 10-15 см зузаантай байна.
Энэ жил газрын гарц тус сумын Орхон, Өгий багт тааруу байсан нь өвөлжилт хүндрэхэд хүргэжээ. Мөн Тоглох, Дойт багт хүндрэх төлөвтэй байна. Энэ үеэр сумын онцгой комиссыг хуралдуулан бэлэн байдлыг шалгаж, Засгийн газрын 319-р тогтоолын дагуу гадны аймгийн айл өрхүүдтэй гэрээ байгуулах, малын шилжилт хөдөлгөөнүүдэд хяналт тавих үүрэг даалгаврыг өгсөн байна.
Мөн ОБГ-ын ахлан мэргэжилтэн Л.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Хашаат суманд ажиллаж байна.
Холбоотой мэдээ