"Түйн голын жавар" уламжлалт наадам ирэх сарын нэгэнд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-21 11:46:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Түйн голын жавар 2020" өвлийн наадам хоёрдугаар сарын 1-ний бямба гарагт болох тов гарчээ.
Хонгор нутгийн өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн тус наадам Түйн голын толин цэнхэр мөснөө болох бөгөөд "Өв соёл - Бидний бахархал" уриан дор зохион байгуулна.

Эрт үеэс өвлийн улиралд монголчуудын дунд уламжлагдан ирсэн баяр наадмыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, соёл, спорт, аялал жуулчлалын төрлүүдтэй хослуулан хөгжүүлэх зорилгоор тус наадмыг Баянхонгор аймаг уламжлал болгон зохион байгуулж буй. Наадмын хүрээнд иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний уялдаа холбоог сайжруулан, эрүүл агаарт зөв боловсон амрах дадал зуршлыг төлөвшүүлэх зорилт тавьдаг байна.

Оролцох багууд үндэсний онцлогийг харуулсан монгол хувцастай, өөрийн байгууллагыг илэрхийлэн туг, лого, таних тэмдэгтэй байх шаардлагатай гэнэ. Мөсний баярын үеэр монгол үндэсний хувьцастай сайхан хос шалгаруулах, мөсөн шагай, хээрийн амт (байгууллагууд уламжлалт ахуй соёлоо илэрхийлэн хэрхэн тохижсон байдал), шагайн наадгай зэрэг тэмцээнүүд болох аж. 

Холбоотой мэдээ