Гадаадад суух Элчин сайдууд монгол ноолуураа сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-20 15:47:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ноолууран бүтээгдэхүүнийг гадаад орнуудад аялал жуулчлалтай холбосон байдлаар дэмжиж хөгжүүлэх нь экспортыг нэмэгдүүлэх нэг гарц бүхий боломж байна. 

Энэ талаар ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэгч нар Монгол Улсаас гадаад орнуудад суух Элчин сайдуудтай өнөөдөр уулзах үеэр хөндөв. Монголын ноос, ноолуурын холбоо (МННХ)-ноос зохион байгуулсан уулзалтыг тус холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нээж хэлэхдээ, "Засгийн газар 2020 оныг Хүнс, хөдөө аж ахуйн салбарт экспортыг нэмэгдүүлэх жил болгон зарлаад буйг та бүхэн мэдэж байгаа. Энэ бол ноолуурын салбараа дэмжих төр, засгийн нэг алхам гэж бид үзэж байна. Үүнд гадаад орнуудад суух Элчин сайд та бүхний оролцоо дэмжлэг бүхий хувь нэмэр чухал байна" гэдгийг онцлов. 


Тэрээр холбооны зүгээс үйлдвэрлэгч нараа төлөөлөн Монголын ноолууран бүтээгдэхүүний "Хаан ширхэгт" тохирлын тэмдгийг гадаадад сурталчлах, нүүр тулсан бизнес уулзалт, өдөрлөг зохион байгуулах, гол худалдан авагч компани, худалдааны агентлагуудтай холбож өгөх, хөрөнгө оруулалт татах боломжуудыг судлах, тухайн орны онцлогт тохирсон борлуулалтын шинэ суваг олж нээхэд туслах гэсэн саналуудыг тавьж байв. 

Уулзалтын үеэр МННХ-ны гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Оюунтүлхүүр холбооноос хэрэгжүүлэхээр зорьж байгаа нэг томоохон ажил "Кашмер платформ"-ыг танилцуулав. Энэ нь ноолуурын олон улсын зах зээл дээр төр болон олон улсын төсөл хөтөлбөрийг нэгтгэсэн хамтын ажиллагааны талбар бий болгох явдал юм гэдгийг тодотгож, Монгол Улс байгаль орчинд ээлтэй аргаар түүхий эдээ бэлтгэж, олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн гаргах зорилготой байгааг гадаад улс орнуудад юуны өмнө сурталчлахыг хүссэн юм. 

Уулзалтад оролцсон Элчин сайдууд холбооноос тавьж буй санал хүсэлтүүдийг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тухайн улс оронд суугаа ЭСЯ өөрийн орны өдөрлөг болон тэмдэглэлт өдрүүдээр нээлттэй үзэсгэлэн гаргадаг. Мөн олон улсын үзэсгэлэн худалдаанд Монгол Улс зочин байдлаар болон татваргүй, хөнгөлөлттэй байдлаар оролцдог. Ийм үйл ажиллагаануудад ноос, ноолуурын үйлдвэрлэгч нар оролцох боломжтой талаар мөн саналаа хэлж байв.

НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Энхболд, Монгол брэндээ хөгжүүлэхэд хаана хаанаа анхаарч, эхний ээлжинд энэ тал дээр хамтарч ажиллая гэдэгтэй санал нэг байна. НҮБ-аас дэлхий нийтэд тавьж буй, манай улс нэгдэн орж бодлого баримтлалаа батлаад Тогтвортой хөгжлийн хүрээнд Монгол Улс байгаль орчинд ээлтэй ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлж буйг юуны түрүү таниулан сурталчилж, энэ талаар олон талт хамтын ажиллагааны механизмыг дэлгэрүүлэхэд голлон ажиллахтай санал нэг байгаагаа хэлж байв. 


Уулзалтад Швед, Польш, Тайланд, Малайз зэрэг оронд суух Элчин сайдууд, ноос, ноолуурын салбараас "Говь", "Үлэмж кашмер", "Эвсэг" зэрэг анхан шатны боловсруулагчаас аваад томоохон үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцов. Оролцогчдын зарим саналаас хүргэвэл "Эвсэг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бат, "Өнөөдрийн уулзалтаар төр, засаг, үйлдвэрлэгч, экспортлогч нар бодлогоор хамтран ажиллах эхлэл тавигдаж байна гэж ойлгож байгаа. Өмнө нь энэ талаар яаман дээр нэг уулзалт болоод өнгөрдөг байсан бол одоо тодорхой саналуудаа сонсож харилцаж буйд таатай байна. 


Үйлдвэрлэгч нар олон улсын үйл ажиллагаанд ЭСЯ-аараа дамжуулан оролцох нь бизнес, хамтын ажиллагааны албан ёсны нэр төрийн баталгаа болох юм" гэдгийг онцолж байв. Тэрээр, гадаад орнуудад бараа, бүтээгдэхүүнээ гаргахаас гадна мөн салбарын, үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдийг солилцох, сургах, гадаадын томоохон орнуудын хөнгөн үйлдвэрлэлд Монголын ноос, ноолуурын хагас, бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнээ нийлүүлэх, мөн өөрийн оронд гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийг татах зэргээр хамтран ажиллах боломж байгааг хэлж байв. 


"Говь" ХК-ийн гадаад харилцааны менежер Г.Анударь, "Манайх АНУ, Германд худалдааны 2 ч охин компаниа байгуулж худалдаагаа нээгээд байгаа. Цаашид Европ болон бусад зах зээлд гарахад хамтран ажиллах боломж бий. Энд заавал дэлгүүр нээх бус, онлайн буюу цахим худалдаанд анхаарч ажиллах зорилготой байна. Бидэнд салбарын талаар мэдээлэл солилцож хангах, судалгаа хийх зэргээр хамтран ажиллах боломж байна" гэв.  МННХ-ны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу, гадаад худалдаа эдийн засагжих учиртай бид олон жил ярьж, хүлээж ирсэн. Төр, засгаа төлөөлөн гадаад орнуудад суух Элчин сайдуудтай уулзаж, бид санал бодлоо солилцож байгаа нь эхнийх байх. Ажил хэрэг болоход аль аль талын оролцоо чухал байгаад санал нэгдэж буйд талархаж байна гэв. 


Уулзалтад Тайланд улсад суух Элчин сайд А.Төмөр, Швед болон Балтийн улсуудыг хариуцан суух Элчин сайд Т.Жанабазар нар Монголын ноолууран бүтээгдэхүүнийг гадаад орнуудад аялал жуулчлалтай холбосон байдлаар хөгжүүлэх, Европын хойгийн улс орнуудад шинэ зах зээл нээх талаар саналаа хэлж байлаа. 


Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ