Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөхтэй холбоотой шүүх хурал эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ОТТАВА. /TASS/. БНХАУ-ын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-ын талд шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцэх шүүх хурал Канадын Британийн Колумб мужийн Дээд шүүхэд өнөөдөр эхэлнэ. Энэ процесс хэр удаан үргэлжлэхийг таамаглахад нэлээд хэцүү боловч статистикийн мэдээллээс үзвэл Мэн Ваньжоу ялах магадлал бараг байхгүй бөгөөд 1 хувьтай тэнцэж байна.
Мэн Ваньжоу өөрийг нь АНУ-ын талд шилжүүлэн өгөхтэй холбоотой шүүх хурлыг 13 сарын турш хүлээсэн бөгөөд өмгөөлөгч нар нь түүнийг хамгаалах янз бүрийн нотолгоог шүүхэд танилцуулж, хэргийг судлахад илүү их хугацаа өгөхийг хүсжээ. Гэвч тэд үйлчлүүлэгчээ Ванкувер дахь нөхрийнх нь эзэмшилд байдаг байшангаас түүний эзэмшлийн бас нэгэн байшин руу нүүх зөвшөөрлийг л авч чаджээ. Тэд мөн энэхүү чухал шүүх хуралд бэлтгэхэд жил гаруйн хугацааг авч чадсан байна.
“Huawei” компанийн санхүү хариуцсан захирлыг Канадын хууль сахиулах байгууллагын ажилтнууд 2018 оны 12 дугаар сарын 1-нд Ванкуверийн нисэх онгоцны буудалд баривчилсан билээ. Түүнийг АНУ-ын Нью-Йорк хотын Дорнод тойргийн прокурорын газраас шилжүүлэн өгөх тухай тусгай хүсэлт гаргасны дагуу баривчилжээ. Мэн Ваньжоуг Ираны эсрэг авсан АНУ-ын худалдааны хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт буруутгасан. Канадын шүүх түүнийг мөн оны 12 дугаар сарын 11-нд 10 сая канад долларын /7 сая ам.доллар/ барьцаагаар суллаж, Америкийн талд шилжүүлэн өгөх хүртэл Ванкувер дахь гэртээ нөхрийн хамт оршин суухыг зөвшөөрсөн юм.
АНУ-д “Huawei” компани, тус компанийн охин компаниудад, мөн Мэн Ваньжоуд нийтдээ 23 зүйл ангиар хэрэг үүсгэсэн бөгөөд тэрбээр 20 жил хүртэл хоригдох ял авч магадгүй байна.
Мэн Ваньжоугийн асуудал Канад, БНХАУ-ын харилцааг эрс муутгасан билээ. Түүнийг баривчилсны дараахан Хятадын эрх баригчид нэн даруй суллахыг шаардаад, Америкийн эрх баригчдын шаардлагаар ийм алхам хийсэн гэж Канадын эрх баригчдыг буруутгасан юм. Харин Канадын Гадаад хэргийн яам хариу мэдэгдэл хийхдээ, Мэн Ваньжоуг хуулийн дагуу баривчилсныг дурдаад, Канадын гүйцэтгэх засаглал нь шүүх эрх мэдэл бүхий байгууллагуудын хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй бөгөөд “Huawei”-н санхүү хариуцсан захиралтай холбоотой нөхцөл байдал шилжүүлэн өгөх хүсэлтийг хангахтай холбоотой үйл явцын тогтсон хэм хэмжээний дагуу өрнөж байна гэж цохон тэмдэглэжээ.
Удалгүй Хятадын эрх баригчид Канадын дипломат ажилтан асан, “Олон улсын хямралын бүлэг” төрийн бус байгууллагын ажилтан Майкл Ковригийг баривчилсан бол үүний дараахан Канадын иргэн Майкл Спэйворыг баривчилсан тухай мэдээлсэн юм. Майкл Спэйвор нь жуулчдыг БНАСАУ-д аялуулж, энэ улсад хоккейн тэмцээн зохион байгуулдаг “Paektu Cultural Exchange” олон улсын төрийн бус байгууллагын тэргүүн аж. Канадын иргэдийг Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул учруулахуйц үйл ажиллагаа явуулсан гэж буруутгажээ. Ковриг, Спэйвор нарыг 2019 оны тавдугаар сард гэрийн хорионд оруулсан байна. Канадын эрх баригчид Бээжинд эсэргүүцлээ илэрхийлээд, иргэдээ даруй суллахыг шаарджээ.