Д.Трампыг шүүх үйл явц албан ёсоор эхэлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-01-17 11:15:46

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэхтэй холбоотой хэргийн хүрээнд түүнийг буруутгасан дүгнэлтүүдийг Конгрессын Сенатын танхимд пүрэв гарагт албан ёсоор танилцуулсан байна.


АНУ-ын Ардчилсан намын хяналтад байдаг Конгрессын доод танхим Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг лхагва гарагт хэлэлцэж, буруутай гэдгийг нь нотолсон тогтоолыг олонхын саналаар баталжээ. Д.Трамп эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэсэн хоёр дүгнэлтэд Төлөөлөгчдийн танхимын дарга, ардчилагч Нэнси Пелоси гарын үсэг зурсан байна. Үүний дараа Тагнуулын тусгай хорооны дарга Адам Шиффээр ахлуулсан Төлөөлөгчдийн танхимын долоон төлөөлөгч буруутгасан үндэслэлүүдийг Конгрессын дээд танхим дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнельд гардуулан өгчээ. Адам Шиффээр ахлуулсан Ардчилсан намын хууль тогтоогчид Сенатад эхлэх шүүх үйл явцад доод танхимаа төлөөлөх юм.


Үүнээс хоёр цагийн дараа шүүх ажиллагааг удирдан явуулах АНУ-ын Дээд шүүхийн дарга Жон Робертс Конгрессын Дээд танхимд тангараг өргөсөн байна. Мөн Сенатын бүх гишүүн тангараг өргөжээ. Дараа нь Конгрессын Дээд танхим шүүх үйл явцыг эхлүүлснийг Цагаан ордонд мэдэгдсэн байна. Митч Макконнелийн өмнө нь мэдээлснээр, анхны хурал нэгдүгээр сарын 21-нд болно.


Ардчилсан намынхан олонхын суудал эзэлдэг Төлөөлөгчдийн танхимын гишүүд Д.Трампад итгэл үзүүлэх эсэх үйл явцыг эхлүүлснээ өнгөрөгч есдүгээр сарын 24-нд мэдэгдсэн билээ. Д.Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй долдугаар сард утсаар ярихдаа шахалт үзүүлсэн гэх дуулиан шуугиан энэ үйл явцыг эхлүүлэх шалтгаан болсон юм. Тэрбээр 2020 онд төрийн тэргүүнээр дахин сонгогдохын тулд Владимир Зеленскийд шууд бусаар шахалт үзүүлэн Киевийн дэмжлэгийг авахыг оролдсон гэж Ардчилсан намынхан үзэж байгаа аж. Ерөнхийлөгчийг буруутгасан дүгнэлтийг Төлөөлөгчдийн танхим 12 дугаар сарын 18-нд баталжээ.


Одоо Сенатын танхим тангарагтны шүүхийн үүргийг гүйцэтгэх бол Төлөөлөгчдийн тал яллагч талаар оролцох юм. АНУ-ын Ерөнхийлөгчийг огцруулахын тулд Сенатын танхимын гишүүдийн гуравны хоёрынх нь санал /дор хаяж 67 санал/ шаардлагатай. Бүгд найрамдах намын гишүүд Сенатын танхимд олонхын суудалд эзэлдэг учраас Д.Трампыг огцруулах магадлал бараг тэг хувьтай тэнцэнэ.


Харин Д.Трамп албан тушаалаас нь огцруулах Ардчилсан намын оролдлогыг “АНУ-ын түүхэн дэх шулмын хамгийн том ангийн үргэлжлэл” гэж нэрлэсэн бөгөөд импичменттэй холбоотой асуудлыг Сенатын танхимд хурдан хэлэлцүүлэхийг шаардсан билээ.


Холбоотой мэдээ