2010-2016 оны хооронд Увс аймгаас 9,609 хүн шилжин суурьшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-16 11:14:58

Увс /МОНЦАМЭ/. НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөллийг  аймгийн удирдлагууд энэ сарын 15-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Увс аймгийн шилжилт хөдөлгөөн, үүнд нөлөөлж буй хүчин зүйлс, иргэдийг тэр дундаа залуу гэр бүлүүдийг уугуул нутагт нь үлдээх тухай санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцлаа.

Мөн тус байгууллагын хэрэгжүүлж буй Монгол дахь Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь төслийг Увс аймгийн төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын төлөөлөлд танилцуулан, тэдний санал бодлыг сонссон юм. Дээрх төсөл нь Орон даяар хэрэгжиж байгаа бөгөөд Улаанбаатар хотод өнгөрсөн оны 10 сард нээлтээ хийжээ. Харин орон нутгийн хамтын ажиллагаа ийнхүү Увс аймгаас эхэлж байгаа аж.

Төв суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн 2000 оноос хойш улс даяар идэвхжсэн ба дийлэнх нь нийслэл Улаанбаатар хотыг зорьсоор байна. Үүний үр дүнд нийт хүн амын 48 хувь нь нийслэл хотод амьдарч, энэ нь хотын хүн амын нягтаршлыг нэмэгдүүлэн, ус, хөрс, агаарын бохирдлыг ихэсгэж, замын түгжрэлийг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагаврыг бий болгосоор байна.

Увс аймгийн хувьд 14,300 гаруй хүн 2010 оноос 2016 оны хооронд шилжин явснаас цэвэр шилжилт нь 9,609 байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлсэн байна. Харин сүүлийн жилүүдэд тус аймгаас хот суурин газрыг зорих шилжилт хөдөлгөөн буурсан ба энэ нь орон нутгийн хөгжил дэвшил, дэд бүтцийн хүртээмж сайжирсантай холбоотой байна.

 

Холбоотой мэдээ