Ливийн арми гал зогсоож байгаагаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАИР. /TASS/. Фельдмаршал Халиф Хафтарын арми ням гарагт орон нутгийн цагаар шөнө дундаас эхлэн Ливийн баруун нутагт байлдааны ажиллагааг зогсоох тохиролцоог зөвшөөрч буйгаа мэдэгджээ. Энэ тухай Ливийн Зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгч Ахмед аль-Мисмари мэдээлсэн байна.
“Зэвсэгт хүчний Ерөнхий командлал нэгдүгээр сарын 12-ны 00 цаг 01 минутаас эхлэх баруун бүс нутагт гал зогсоож байгаагаа мэдэгдэж байна. Эсрэг тал гал зогсоох дэглэмийг дагаж мөрдсөн тохиолдолд бид түүнийг дагаж мөрдөнө. Хэрэв гал зогсоох дэглэмийг зөрчвөл хариуг нь хатуухан өгнө” гэж тэрбээр онцлон тэмдэглэснийг “Al Wasat” мэдээллийн цахим хуудас уламжилжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Тайип Эрдоган нар нэгдүгээр сарын 8-нд Истанбул хотод уулзсаныхаа дараа Ливийн мөргөлдөөнд оролцогч талуудад хандан нэгдүгээр сарын 12-ны шөнө дундаас эхлэн байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалсан билээ.
Ливийн мөргөлдөөнд оролцогч талууд гал зогсоох талаар гаргасан Москва, Анкарагийн уриалгыг дагаж мөрдөнө гэдэгт ихээхэн найдаж буйгаа ОХУ-ын Ерөнхийлөгч бямба гарагт ХБНГУ-ын Канцлер Ангела Меркельтэй хэлэлцээ хийснийхээ дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлжээ.
Ливийн нийслэл Триполи хотод үйл ажиллагаагаа явуулж буй Фаиз Сараж тэргүүтэй үндэсний зөвшилцлийн Засгийн газар Путин, Эрдоган нарын уулзалтын үр дүнг сайшаагаад, Ливийн улс төрийн үйл явцыг сэргээх, улс орныг дайнаас ангижруулах аливаа уриалгыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Ливийн Үндэсний арми давшилтаа зогсоовол гал зогсооход бэлэн байна гэж Триполийн сайд нарын танхимын дарга бямба гарагт Ромд Италийн Ерөнхий сайд Жузеппе Контетэй уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна.