Ираны жагсагчид аятолла Хаменеиг огцрохыг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-12 11:47:44

ТЕХРАН. /BBC/. Бямба гарагт Ираны нийслэл Техран хотын Амир Кабирын нэрэмжит Технологийн их сургуулийн өмнө хэдэн зуун жагсагч цугласан байна. Жагсагчид Ираны шашны удирдагч аятолла Али Хаменеиг огцрохыг шаарджээ.


Ираны цэргүүд лхагва гарагт Украины иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг санамсаргүй буудан унагасанд дургүйцсэн жагсагчид “Ерөнхий командлагч огцор!”, “Огцрох хангалтгүй, шүүх хэрэгтэй” гэж хашхирцгааж байсан байна.


Украины онгоцыг санамсаргүй сөнөөснийг Ираны эрх баригчид бямба гарагт албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ. Онгоцонд сууж явсан 176 хүний 83 нь Ираны иргэд, мөн Иран гаралтай хэдэн арван канад иргэн байжээ. Тэд бүгд амиа алдсан юм.


Түүнчлэн Ираны хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Шарифийн нэрэмжит Технологийн их сургуулийн өмнө жагсаал болсон тухай мэдээлжээ. Зарим мэдээллээр, Украины онгоцны ослоор энэ сургуулийн 10 орчим төгсөгч амиа алдсан байна. Мөн Техраны хоёр их сургуулийн дэргэд жагсаал болж байгаа тухай Ираны IRNA,  ISNA агентлаг мэдээлжээ.


Их Британийн Элчин сайдыг саатуулжээ

Ираны нийслэл хотод болсон жагсаалын үеэр тус улсад суугаа Их Британийн Элчин сайдыг хэдэн цагийн турш саатуулсан байна.


“Техран дахь манай Элчин сайдыг ямар ч шалтгаан, тайлбаргүйгээр баривчилсан нь олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн явдал юм. Ираны эрх баригчид одоо салаа замын уулзвар дээр байна. Тэд улс төр, эдийн засгийн хувьд тусгаарлагдсан шоовдор улс гэх статусыг авах замаар явж болно эсвэл хурцадмал байдлыг намжаах алхам хийж, дипломат замаар замнаж болно” гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгджээ.


Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн үзэл бодол

Твиттер (Иранд хориглосон), Инстаграм гэх зэрэг олон нийтийн сүлжээг ашигладаг Ираны хэрэглэгчид эрх баригчдынхаа мэдэгдлийн дараа эл эмгэнэлт үйл явдалд цочирдсоноо, дургүйцэж буйгаа  илэрхийлсээр байна.


“Та нарын алдаа санамсаргүй байсан. Харин та нарын худал хуурмаг санаатай байсан, та нар хүмүүсийг хуурч чадахгүй” гэж сүлжээ хэрэглэгчдийн нэг бичжээ.


Одоо эрх баригчид өөрсдийгөө хэрхэн зөвтгөхийг ойлгоход хэцүү байна. Учир нь тэд сүүлийн гурван өдөр бараг бүгд худлаа ярилаа гэж Техраны их сургуулийн профессор асан, Ираны улс төр судлаач Задех Зибакалам хэлсэн байна.


Эрх баригчдын хариу мэдэгдэл

Засгийн газрын IRNA агентлагийн мэдээлснээр, аятолла Хаменеи нисэх онгоцыг осолдоход хүргэсэн хайхрамжгүй байдлыг мөрдөн шалгахыг тушаасан байна.  Алдаа гарсныг нотлох баримт бий гэж аятолла Хаменеи мэдэгдээд, ийм явдал дахин гаргахгүй байх арга хэмжээ авахыг уриалжээ.


Харин Ираны парламент ослын нөхцөл байдлыг ням гарагт нээлттэй хуралдаанаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна. Иран улс болсон хэрэгт гүнээ харамсаж байгаа бөгөөд буруутныг шийтгэнэ гэж Ираны Ерөнхийлөгч мэдэгдсэн билээ.


Их Британид суугаа Ираны Элчин сайд өмнө нь хийсэн худал мэдэгдэлдээ уучлал хүссэн байна. Иран улс Украины нисэх онгоцыг пуужингаар харваагүй гэдэгт итгэлтэй байна гэж тэрбээр мэдэгдэж байв.


Украины нисэх онгоц осолдсоны хариуцлагыг Ираны Зэвсэгт хүчний элит анги нэгтгэл болох Лалын хувьсгалыг хамгаалах корпус хүлээсэн юм. Ираны Зэвсэгт хүчин Украины онгоцыг далавчит пуужинтай андуурч сөнөөсөн гэж тус корпусын Агаар-сансрын хүчний командлагч, бригадын генерал Амир Хажизаде бямба гарагт мэдэгджээ.



Холбоотой мэдээ