Үйлдвэржилтийн бодлого амжилттай хэрэгжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-08 12:18:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Эдийн засгийн өсөлт, үйлдвэржилтийн бодлогын хүрээнд Баянхонгор аймаг 2019 онд нийтдээ 10 арга хэмжээ төлөвлөн, 94 хувьтай хэрэгжүүлж ажиллажээ.

2016 оны байдлаар улсын төсвөөс татаас авдаг аймгуудын хэмжээнд санхүүгийн зөрчил дутагдлын хэмжээг 2.2 тэрбум байсныг 1.1 тэрбум болгон бууруулж, санхүүгийн хамгийн бага зөрчилтэй аймгуудын тоонд орсон байна. Мөн төсвийн зарлагын суурийг нэлээд хэмжээгээр нэмэгдүүлж, орон нутгийн зарлагын хэмжээгээр улсад 2016 онд 16 дугаарт байсан бол 2019 онд тавдугаарт болжээ.

УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр зах зээлд үнэгүйдсэн арьс, нэхийг боловсруулах үйлдвэрийг 12 суманд байгуулж, нийт 24 ажлын байр бий болгосон бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас найман аж ахуйн нэгж, 13 иргэнд 560.0 сая төгрөгийн санхүүжилт олгож тоног төхөөрөмжөөр ханган, шинээр 62 ажлын байр бий болгосон байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг шалгаруулах комиссын хуралдааны шийдвэрээр 2019 онд зээлийн эргэн төлөлтөөс 15 иргэн ААН-д 160.0 сая төгрөгийн, 2019 оны А/568 тоот захирамжаар таван иргэн, ААН-д 45.0 сая төгрөгийн зээл олгож үр дүнд нь 45 хүнийг байнгын ажлын байраар хангасан байна.

Мөн “Орон нутгийн жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 2019 оны ХХААХҮ-ийн сайдын А/41 тушаалаар нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрх олгосны дагуу аймгийн Засаг даргын А/230 тоот захирамжаар байгуулагдсан дэд хороо хоёр удаа хуралдаж, батлагдсан санхүүжилтийг 34 иргэн, 15 аж ахуй нэгжийн нийт 49 төсөлд хөнгөлөлттэй зээл олгох ажлыг шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ