Төв зам, томоохон уулзваруудын цасыг цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-07 18:08:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цас их орсны улмаас нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол гарах эрсдэлтэй болсон. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 0338 дугаар ангитай хамтран төв замууд болон томоохон уулзваруудын цасыг цэвэрлэлээ.

Аймгийн Цагдаагийн газарт замын халтиргаа гулгаанаас үүдэлтэй дуудлага долоо хоногт дунджаар 10-15 ирж байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бид томоохон уулзвар, замуудын цасыг бүтэн өдрийн турш цэвэрлэлээ. Уг нь ААНБ-ууд өөрийн эзэмшлийн байрны эргэн тойрны 50 метрийн цасыг цэвэрлэх ёстой. Гэтэл энэ ажлын хэрэгжилт хангалтгүй байгаа нь давхар хаа хаанаа ачаалал үүсгэж байна. Тиймээс замын цагдаагийн тасгаас ААНБ-уудад албан шаардлага хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Даваадорж ярилаа.

Хэдийгээр Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын ажилчид өдөр бүр цасыг цэвэрлэж байгаа ч хүн хүч хүрэлцэхгүй байгаа учир ийнхүү зарим байгууллага өөрсдийн санаачилгаар уг ажлыг эхлүүлж, мөн бусад байгууллагад ч уриалж байв.



Холбоотой мэдээ