Ихэнх сумын нутгаар цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-03 17:41:04

Ховд /МОНЦАМЭ/. Цаг агаарын нөхцөлийн тойм мэдээллээр Ховд аймгийн ихэнх нутгаар нийт 56.3 мм хур тунадас орсон байна.

Одоогийн байдлаар Дарви, Булган, Алтай, Үенч суманд 7 см цастай байна. Харин Чандмань, Зэрэг, Цэцэг, Манхан, Жаргалант , Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Ховд суманд 1-4 см цастай байгаа бөгөөд ихэнх сумын нутгаар цасан бүрхүүл тогтжээ.

Аймгийн хэмжээнд доройтсон бог, бод малд нэмэгдэл тэжээл өгч байна. Өнгөрсөн 12 дугаар сарын сүүлчийн арав хоногоос томоохон нуур, голын хөндий дагуух нутгаар хүйтний эрч чангарсан. Ингэснээр бод, бог мал бэлчээрт гарч тайван идээшилж чадахгүй бээрч сульдах, жиндэх, өтөг бууц хөлдөх зэрэг мал аж ахуйн байдалд таагүй нөлөөлж байгаа аж. 

Өнгөрсөн сард нийт нутгаар агаарын дундаж температур 13-20 градус хүйтэн байжээ.

2019 оны 12 дугаар сарын 30-наас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх долоон хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр агаарын температур нийт нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Энэ сарын 06-нд зарим газраар цас орно гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ