Монголын Үндэсний музей шинэ үзмэрүүдээсээ дээжлэн дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-12-27 13:13:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музей сан хөмрөгөө хэрхэн баяжсаныг үзэгчиддээ тайлагнадаг Шинэ үзмэрийн дээжис үзэсгэлэнгээ тав дахь удаагаа өнөөдөр нээнэ.

Гурван жил тутам зохион байгуулдаг тус үзэсгэлэнд энэ удаад 2017-2019 онд музейн сан хөмрөгт шинээр бүртгэн авсан 227 дэсийн 604 үзмэрийг цогц байдлаар анх удаа дэлгэн үзүүлэх юм.

Шинээр бий болсон энэхүү сан хөмрөгт археологи, түүх, угсаатны зүйн чиглэлийн ховор үзмэрүүд, ялангуяа тус музейн судлаачдын археологийн малтлага судалгаагаар илрүүлсэн олдворууд нь монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж буй өвөрмөц олдворуудаар баялаг байгаа нь энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог юм. Тухайлбал, Монгол-Америкийн хамтарсан Умард монгол төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутгаас илрүүлсэн Хориг уул хэмээх газар орших Дундад зууны монгол язгууртнуудын булшны гайхамшигт олдворуудыг дурдаж болно.

Тус дурсгалаас олон үнэт эд зүйлс илэрч олдсоноос гадна анх удаа өрөм, шар тос бүхий ваар сав суулгыг илрүүлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж буй. Уг дурсгалууд XIII-XIV зууны монгол язгууртнуудын булш оршуулга болохыг дээрх олдворууд харуулж буйгаараа онцгой ач холбогдолтой. Үүнээс гадна Монголын Үндэсний музейн судлаачдын Ховд аймгийн Мянгад сумын Урд улаан үнээт хэмээх газраас илрүүлсэн Жужаны хаант улсын үед холбогдох хадны оршуулга, Монгол-Америкийн хамтарсан Баруун Монгол, Монгол-Хятадын хамтарсан Шийтэр, Айрагийн гозгор дахь эртний нүүдэлчдийн соёл иргэншил, Монголын Үндэсний музей, Олон улсын Түрэг академитай байгуулсан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Гүнбүрд, Хаяа худаг хэмээх газарт явуулсан Хэрлэн төслийн малтлага судалгаагаар олдсон олон олдворыг дурдаж болно. Мөн ард иргэдийн бэлэг хандив, тэднээс худалдан авсан үзмэрүүд эл үзэсгэлэнд чухал байр эзэлж байна. 

Холбоотой мэдээ