Мал сүргийн тоо толгой 70.9 саяд хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-27 12:01:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн тоо 70 сая 949.9 мянган толгойд хүрээд байна. Мал сүрэг өмнөх оныхоос 4.5 сая толгойгоор буюу 6.8 хувиар өссөн байна. Энэ талаар ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Э.Мягмарханд өнөөдөр мэдээллээ.

Өмнөх оныхтой харьцуулахад малын тоо 2019 онд 5 төрлөөр өсөж, адуу 4.2 сая, үхэр 4.7 сая толгой, тэмээ 472.4 мянга, хонь 32.2 сая, ямаа 29.2 сая байна. Энэ нь ямаа 2.1 саяар буюу 7.8 хувиар, хонь 1.7 саяар буюу 5.6 хувиар өсжээ. Үхэр 370.8 мянган толгойгоор буюу 8.5 хувиар, адуу 273.7 мянган толгой буюу 6.9 хувиар, тэмээ 12.7 мянгаар буюу 2.8 хувиар тус тус өссөн байна.


Сүргийн бүтцийн өөрчлөлтийн талаар тодруулахад, “Нийт мал сүргийн дотор хонь 45.5 хувийг, ямаа 41.2 хувь, үхэр 6.7 хувь, адуу 5.9 хувь, тэмээ 0.7 хуийг эзэлж байна" гэлээ. Бог малын зохистой харьцаа 75:25 байхаас энэ онд 52:48 буюу уламжлалт харьцаа алдагдсан хэвээр байгааг хэллээ.

Нийт сүрэгт 5 төрлийн малын эзлэх хувь 1990 оныхтой харьцуулахад ямааны эзлэх хувь 21.4 пунктээр өсөж, харин хониных 12.9, үхрийнх 4.3, адуун сүргийнх 2.8 пункт, тэмээн сүргийнх 1.4 пунктээр буурсан байна.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ