А.Еркегүл: Байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг Монгол хэлний тухай хуульд заасны дагуу бичсэн гэж үзсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-20 17:52:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт ажиллажээ. Уг асуудлаар Хэлний бодлогын тус аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Еркегүлээс тодрууллаа.


- Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл Баян-Өлгий аймагт ажилласан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны архив бичиг хэрэг, дотоод хяналт хариуцсан ажилтан Г.Хэрлэнцэцэг манай аймагт ирж гурав хоног ажилласан. Тэрээр Хэлний бодлогын тус аймаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагаа, гудамж талбайн хаягжилт, архив бичиг хэрэг хөтлөлтийн явцтай танилцлаа. Тус зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн даргаар аймгийн Засаг дарга, нарийн бичгийн даргаар нь миний бие ажилладаг. Бид жилийн турш хийсэн ажлаа танилцуулав. Аймгийн төвийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, лаборатори гуравдугаар сургуулийг сонгон авч, монгол хэл, нийгмийн ухааны багш нарын хичээлд суусан. Мөн тус сургуулийн захирлуудын гаргасан тушаал, явуулсан албан бичиг, албан хэрэг хөтлөлтийн явц байдлыг газар дээр нь шалгасан байгаа. Түүнээс гадна аймгийн ЗДТГ-ын архив, бичиг хэргийн ажилтай танилцсан.

- Дээрх байгууллагуудын үйл ажиллагаанд ямар үнэлгээ өгөв?

- Танай аймагт архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт орсны үр дүн байгаа юм байна. Ганц хоёр бичиг үсгийн алдаа, бичиг баримтыг үдэх явцад гарсан зарим алдааг эс тооцвол төрийн албаны бичиг хэргийн хөтлөлт маш сайн гэсэн дүгнэлтэд хүрсэн.

- Гудамж талбайн хаягжилттай танилцсан уу?

- Хаягжилтын ажилтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга болон холбогдох бусад хүмүүсийн хамт Өлгий хотын бүх цэгээр явж танилцсан. Тус аймагт албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг Монгол хэлний тухай хуульд заасны дагуу бичсэн гэж үзсэн.

- Анхааруулж хэлсэн зүйл байна уу?

- Монгол хэлний зөв бичгийн толь шинээр гарсан. Үүнийг бид бүх сургуульд ирсэн тоогоор нь хуваарилж өгсөн байгаа. Ард иргэд, төрийн алба хаагчид тус толь бичгийн аппликейшнийг гар утсандаа суулгаад эргэлзээтэй үгнүүдийг зөв бичиж хэвшихийг зөвлөлөө. Мөн Хэлний бодлогын салбар зөвлөлийг тогтмол үйл ажиллагаа явуулах боломжоор хангах үүднээс ажлын өрөөтэй болгох асуудлыг хэлсэн. Аймгийн БСУГ дараагийн жилд шинэ байранд орчихвол нэг өрөө гаргах боломжтой байх гэж үзэж байна. 

Холбоотой мэдээ