О.Мөнхбаяр: Бүтээн байгуулалт өрнөх он биднийг хүлээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-18 18:51:35

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Мөнхбаяртай уулзаж ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Саяхан хуралдсан аймгийн ИТХ-ын 17-р хуралдаанаар 2020 оны төсвийн төслийг батлахдаа нэлээд чамбай, сайн төсөв болжээ гэж төлөөлөгчид сайшааж байсан. Энэхүү төсвийн төслийг бэлтгэхдээ ямар зарчим баримтлан, хэрхэн боловсруулсан талаар яриагаа эхлэх үү?

-За баярлалаа. УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд тусгагдсан зарим онцлог арга хэмжээг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд өгсөн чиглэлийг баримтлан аймгийн 2020 оны төсвийн төслийг бэлтгэсэн. Мөн Сэлэнгэ аймгийн 2020 оны төсвийг боловсруулахад Сангийн яамнаас өгсөн чиглэл, төсвийн сахилга батыг хангахад анхаарч төсвийн орлогыг бодитой байх, зарлагыг хуульд нийцсэн байх, мөн аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийг үндэс болгон аймгийн онцлогт нийцэхүйц, төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахуйц байх зорилгын хүрээнд боловсрууллаа.

-Энэ 2020 оны төсвийн онцлог юу байна вэ?

-Энэхүү төсөв маань хэд хэдэн онцлогтой хийгдсэн. Тухайлбал нэгдүгээрт Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд төлөвлөгдсөн. Хоёрдугаарт аймгийн суурь зарлагыг бодит гүйцэтгэлд үндэслэсэн. Тэр дундаа халаалтын зардлыг 8 сараар тооцож төсөвлөсөн. Гуравдугаарт Их бүтээн байгуулалтын үргэлжлэлийг бий болгож чадсан гэж үзэж байна. Товч дурдвал, Сэлэнгэ аймагт 2020 онд нийт 3 цэцэрлэг, 3 сургууль, 3 дотуур байр, 1 эмнэлэг, 1 сумын ЗДТГ-ын байр, нийт 46.7 км зам тавихаар төлөвлөсөн байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламж болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Алтанбулаг боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байгаа. Тус шинэчлэлийг хэрэгжүүлснээр Алтанбулаг боомтын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин нэмэгдэх бөгөөд зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд болон орон нутгийн төсвийн орлогод томоохон нөлөө үзүүлнэ.

-Орон нутгийн 2020 оны төсвийн орлогын талаар мэдээлэл өгөөч?

-Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татвар татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах бусад хуулийн шинэчлэлийг 2020 оноос хэрэгжүүлэн ажиллана. Иймээс шинэчилсэн хуулийн хүрээнд орон нутгийн төсвийн орлогын бүрдэлтийг сайжруулах чиглэлээр ирэх онд Засгийн газраас дараах зарчмуудыг орон нутагт баримталж ажиллахыг чиглэл болгож өгсөн. Үүнд:

1.Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, бүртгэлийг сайжруулах, татварын өр төлбөр үүсэхээс сэргийлж, хураалтыг сайжруулах.

2.Татварын бүртгэлийг сайжруулах, нийгмийн даатгал болон татварын албаны хооронд мэдээлэл зөрүүтэй байгааг нягталж, татварт хамрагдаагүй хэсгийг татварт хамруулах.

3.Хог хаягдлын төлбөрийн хураамж төвлөрүүлэлтэд хяналт тавьж, айл өрх болон аж ахуйн нэгж болгоныг бүртгэлд хамруулж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан түгээх газруудтай хамтран ажиллаж тог болон хогны төлбөрийг хамт нэхэмжлэх замаар орлого төвлөрүүлэлтэд анхаарах.

4.Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, Татварын албаны нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн зөрүүг нягталж, Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасны дагуу албан татвар ногдуулахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, даац, зориулалтад нь үндэслэж ногдуулж, тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулах.

5.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах зэрэг чиглэлүүдийг өгсөн байгаа. Манай аймгийн хувьд 2019 онд төсвийн орлогыг төлөвлөхдөө хоёр бодлогыг баримтлан ажилласан. Үүнд:

-2020 оны УИХ-аар батлагдсан чиглэлийн дагуу аймгийн Татварын хэлтэс, Цагдаагийн газар, БОАЖГ, ГХБХБГ, сумдын Санхүүгийн албадын гаргасан тооцоо, төсвийн орлогын сүүлийн 3 жилийн дундаж, 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, мөн суурь үзүүлэлтүүдийн судалгааг үндэслэн тооцоолол хийн орлогыг төлөвлөх.

-2020 оны орон нутгийн төсвийн орлогын төлөвлөлтийг эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн таамаглалтай уялдуулж тооцоо судалгаагүй, бодитой бус орлого төлөвлөхгүй байхад онцгой анхаарч, энэ хүрээнд татварын орлогыг боломжит түвшин хүртэл нэмэгдүүлэх, сумдын төсвийн орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн чадамжийг суурь болгон тооцох гэсэн бодлогыг баримталсан.  

-Орон нутгийн 2020 оны төсвийн зарлагын талаар?

-Байр ашиглалттай холбоотой тогтмол зардлын тухайд. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сумын эрүүл мэндийн төв зэрэг тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжигддэг 7 байгууллагын байр ашиглалтын зардал /гэрэл цахилгаан, халаалт, цэвэр бохир ус, түрээс, урсгал засвар/-ыг орон нутаг хариуцдаг байхаар Төсвийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өмнөх жилүүдэд халаалтыг 7 сараар тооцон олгогдож, ирсэн зардлыг 8 сараар тооцоолон төсөвтөө нэмүүлсэн онцлог төсөв болж байгаа. Гэхдээ хамгийн гол зарчим нь Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоолын дагуу дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй хуучин тарифаар нь тооцсон байгаа. Мөн сумдын суурь зарлагад цэцэрлэгийн тогтмол зардал 1.9 тэрбум төгрөг, сургуулийн тогтмол зардал 4.4 тэрбум төгрөг, хүүхдийн байгууллагын тогтмол зардал 41.4 сая төгрөг, эмнэлгийн тогтмол зардал 553.3 сая төгрөгөөр тус тус төсөвлөгдсөн.

-Төсвийн байгууллагуудын өөрийн орлогын талаар?

-Соёл, биеийн тамирын салбарын тусгай зориулалтын бүрэлдэхүүнд багтдаг орон нутгийн музей, театр, чуулга, соёлын төв, соёлын ордон, номын сан, хүүхдийн номын ордон, биеийн тамир спортын байгууллагуудын үйл ажиллагааны урсгал зардлыг орон нутгийн суурь зарлагад шилжүүлсэнтэй холбогдуулан эдгээр байгууллагын төсвийн өөрийн орлогыг огт төлөвлөөгүй. Харин орлого олох бүхий л бололцоогоо бүрэн дайчлан ажиллах боломжийг бүрдүүлэн олсон орлогоо нэмэлт санхүүжилтийн дансаараа дамжуулан захиран зарцуулах эрхийг нь олгохоор төлөвлөөд байна. Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу мөн байгууллагуудын хэрэгцээ шаардлагад үндэслэн аймгийн төсвөөс санхүүжих төсвийн байгууллагуудын 2020 оны төсвийн зарлагыг 8295.4сая төгрөгөөр төсөвлөсөн.

-Орон нутгийн хөгжлийн сангийн талаар тодруулаач?

-Орон нугийн хөгжлийн сангаас сумын орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдах хөрөнгийг Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 230 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Орон нутгийн нэгдсэн сан болон орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлал”-ыг баримтлан төлөвлөсөн. Үүнд:

-ОНХС итгэлцүүрээр 2120.8 сая төгрөг

-Олон улсын байгууллагаас олгох дэмжлэг 188.4 сая төгрөг

-Олон улсын байгууллагаас олгох урамшуулал 400.7 сая төгрөг нийт 2710.0 сая төгрөгийг сумдад олгохоор төлөвлөлөө.

-Сумдад олгох санхүүгийн дэмжлэг хэрхэн тооцологдсон бол?

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоол, 277 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумдын төсвийн байгууллагуудын цалингийн санг  тооцоолсон. 2020 онд нийт сумын орон нутгийн төсвийн зарлага нь 20.7 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн орлого 4.6 тэрбум төгрөгөөр тооцоолж, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 16.1 тэрбум төгрөгөөр суурь тооцоолсон.  

-Байгаль хамгаалах нөхөн сэргээх ажил үйлчилгээний зардал хэрхэн тусгагдав?

-2020 онд ус рашааны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх 5 арга хэмжээ, ойн нөөцийг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх 9, хүрээлэн буй орчны нөөцийг хамгаалах 3, аялал жуулчлалыг хөгжүүлэх 2, байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх 7 нийт 26 арга хэмжээг 816.8 сая төгрөгийн байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Жил бүрийн төсөв батлах үеэр аудитын дүгнэлтийг уншиж танилцуулдаг. Нэлээд зөрчил дутагдал гарсан байдаг. Аймгийн Төрийн аудитаас өгсөн зөвлөмжийг 2020 оны төсөвт хэрхэн тусгаж ажиллах вэ?

-2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Сангийн сайдын 318 дугаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын дагуу төлөвлөсөн. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардалд 263.8 сая төгрөг, аймгийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах зардал 50.0 сая төгрөгийг нэршил, арга хэмжээгээр төлөвлөж, ИТХ-ын тогтоолын төсөлд хавсралтаар батлах саналыг төлөөлөгчдөд хүргүүлсэн байгаа.

-Орон нутгийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт ямар хэмжээтэй төсөвлөгдөв. Энд хэчнээн ажил арга хэмжээ хийх бол?

-Орон нутгийн төсвийн нөөц бололцоондоо тулгуурлан 826.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөсөн. Үүнд шилжих хөрөнгө оруулалт 85.0 сая төгрөг, шинээр эхлэх хөрөнгө оруулалт 300.6 сая төгрөг, тоног төхөөрөмж 195.0 сая төгрөг, их засвар 245.6 сая төгрөгөөр нийт 19 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгөөр нийт 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүнээс шилжих хөрөнгө оруулалт 1.6 тэрбум төгрөг, шинээр эхлэх хөрөнгө оруулалт 1.8 тэрбум төгрөг, тоног төхөөрөмж 436.4 сая төгрөг, их засвар 978.0 сая төгрөгөөр нийт 50 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн замын сангийн хөрөнгөөр нийт 732.4 сая төгрөгийн 19 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Аймгийн Засаг дарга хөрөнгө оруулалтын ажлуудыг төлөвлөхдөө аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн санал хүсэлтэд үндэслэн, сумын Засаг даргын бодлого чиглэлтэй уялдуулан төсөвлөсөн байгаа.  

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэчнээн ажил арга хэмжээ хийхээр төсөвт тусгагдсан бэ?

-Аймгийн хэмжээнд нийт 3 цэцэрлэг, 3 сургууль, 3 дотуур байр, 2 спорт заал, 1 соёлын төв, 1 эмнэлэг, 1 сумын ЗДТГ байр, 1 гүүр, нийт 46.7 км зам улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулна. Мөн боловсролын салбарт болон иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулсан томоохон их засваруудын ажил хийхээр төлөвлөгдсөн. Иймээс их бүтээн байгуулалт өрнөх он биднийг хүлээж байна гэж хэлэхэд урамтай байгаа.

-2020 онд төсөв санхүүгийн талаар ямар чиглэл баримтлан ажиллах вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас төсвийн сахилга батыг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Иймээс 2020 оны төсөвт мөн төсвийн тодотгол хийхгүй байх зарчмыг хатуу чанд баримтална. Иймд аймгийн 2020 төсөвт тодотгол хийгдэхгүй юм. Иймээс төсвийн боломжит бүхий л нөөц бололцоогоо дайчилсан төсвийг төлөвлөсөн гэсэн үг. Ирэх онд аудитын байгууллагаас өгсөн зөвлөмж чиглэлийг бүрэн хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг чанд сахина. Мөн төсвийн гүйцэтгэлийг ханган ажиллах зорилго тавин ажиллана. Түүнчлэн салбарын боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын програм хангамжийг сайжруулах ажлуудыг ч орхигдуулахгүй хийхээр төлөвлөөд байгаа. Мөн иргэдийн төсвийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, төсвийн ил тод байдлыг хангах зорилгоор иргэд, олон нийтэд чиглэсэн төсвийн мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар түгээхээр төлөвлөсөн.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Холбоотой мэдээ