Л.Пүрэвлхам: Хүн бүр өөрөө өөртөө соёлын өвлөгч байж сая дархлаа тогтоно

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-12-12 12:49:55


Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол үндэстэн  Төв Азийн нүүдэлчдийн өв соёлыг хэдэн зуу мянган жил хадгалан, улмаар 2000 гаруй жилийн төрт ёсны түүх, зан заншил, язгуур урлаг, урлал, уламжлалт ахуйн онцлог өв соёлыг бий болгосон,  гайхамшигт ард түмэн. Өв соёл бол түүхийн гэрч, үеийн үе дэх бахархал тухайн улс үндэстний оршин байгаа гэрч, учир шалтгаан юм. Он цаг улирч, бүх зүйлс хуучирч, зарим нь тухайн цаг хугацаандаа уусч алга болоход хүн төрөлхтнийг амьдарч байсныг илтгэх ганц зүйл нь соёлын өв билээ.  Гэвч даяаршиж буй энэ нийгэмд Монголчууд бидний өв соёл ихээхэн гээгдэж байгааг эрдэмтэн, судлаачид сануулан хашхирсаар байна. Энэ цаг үед Монголын өв соёл эзэнгүйдэхэд хүрч байгааг зүгээр хараад сууж болохгүй гэдгийг соёл судлаач Л.Пүрэвлхам хэлж байна. Түүнтэй биет бус өв соёлын талаар хөөрөлдлөө.


-Өвөрхангай аймагт “Соёлын өв-Хөгжлийн дархлаа” гэх үйл ажиллагаа төрөл бүрээр үргэлжилж байна. Үүний гол утга учир, зорилго юу вэ?

-Өвөг дээдэс бидэнд хоёр төрлийн өвийг үлдээсэн байдаг. Байгалийн өв буюу газар нутаг, нөгөөх нь соёлын өв. Соёлын өвийг биет, биет бус гэж ангилдаг. Тухайлбал, харагдаж байгаа зүйл биет өв, харагдаж байгаа зүйлийг бүтээж буй арга технологи нь биет бус өв юм. Өндөр гэгээн Т.Занабазарын дэлхий дахинаа гайхагдсан бүтээлүүдийг урласан билиг авьяас, ур ухаан болон тиг зургийн арга, хөөмөл, цутгамал, шуумал, уран хатгамал, зээгт наамлаас эхлэн төв халхын уртын дуу, морин хуур, хөөмий, сийлбэр, Уянгын эрээлэх цоохорлох урлал нь Өвөрхангайн үнэт их өв мөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Сүүлийн жилүүдэд төр засгаас соёлын биет болон биет бус өвийг хамаалахад анхаарал хандуулан ажиллаж байна. 2012 онд “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг баталж, 2014 онд “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийг шинэчлэн найруулсан. Мөн ЮНЕСКО-ийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцид Монгол Улс нэгдэн орлоо. Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулна гэдэг нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд хүн төрөлхтний өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага юм.

Түүнчлэн манай аймгийн Засаг даргын “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт биет болон биет бус өвийг хамгаалах талаар заалт орж, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд зорилтуудыг тусгасан.

Эдгээр бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэхийн тулд аймгийн БСУГ-аас “Соёлын өв-Хөгжлийн дархлаа” форумыг зохион байгуулж, Төв халхын биет бус өвийг цаашид уламжлан авч явч үлдэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийгээд байна.

-Саяхан Өвөрхангай аймгийн биет бус өвийг өвлөн уламжлагчдад батламж гардуулсан. Өвлөн уламжлагчдыг ямар шалгуураар сонгосон бэ?

-Монгол Улсын хэмжээнд өнөөдөр биет бус өвийг 5 ай савд авч үзэн бүртгэн баримтжуулж хамгаалж байна. Эх хэл олон аман уламжлал, Ардын язгуур урлаг, Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, Байгалийн болон сав шимийн ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан, Гар урлал гэсэн ай сав дотроо 88 төрлөөр бүртгэдэг юм. Бид энэ таван ай саваас төлөөлөл болгон өвлөн уламжлагчдаа тодруулахыг зорьсон. Монгол Улсын соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч Дөмөн Дулмаа гуайдаа хүндэтгэл үзүүлж, батламж олголоо. Нутгийн онцлогтой язгуур өвийг авч үлдсэн, одоо 90 гаруй насыг зооглоод байгаа Дашзэвгэ гуай, орчин үед уртын дууг уламжилсан М.Дүгэрсүрэн гээд нийт 18 хүн “Шилдэг өвлөн уламжлагч” боллоо.

Биет бус өвийг уламжлуулах хоёр, гуравхан арга байна. Хамгийн гол нь тухайн хүний идэвх чармайлт чухал. Дөмөн Дулмаа гуай байгалийн бяцхан өгөгдөлтэй, 99 хувь нь өөрийнх нь хичээл зүтгэл байсан. Тэрээр хонины бэлчээрт дуулсаар байгаад Н.Норовбанзад гуайд үнэлэгдэх хэмжээний дуучин болж чадсан юм. Нөгөөх нь шавь сургалт. Д. Дулмаа гуайн шавь Төв халхын алдарт уртын дуучин Самбуугийн Сумъяа. С.Сумъяа гуайн шавь нь ХДТ-ын дуучин, СТА Дондогийн Ганбаатар. Түүний шавь болохоор Баруунбаян-Улаан сумын уртын дуучин Н.Цэцэгсайхан гэж сүүлийн үед нэр нь тодроод байгаа залуу бий. Энэ жишээ бол Төв халхын уртын дуу өвлөгдөөд явж чадаж байгаагийн илрэл гэж ойлгож болно.

Энэ ташрамд хэлэхэд “Соёлын өв-Хөгжлийн дархлаа” нэгдсэн үйл ажиллагааг эхнээс нь сэтгэл зүрх гарган дэмжиж, хамтран ажилласан, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат, "Монгол хөөмий" ТББ-ын гүйцэтгэх захирал, хөөмийч Их тугчин овогт Баярсайханы Хосбаярт гүнээ талархсанаа илэрхийлье. Мөн БСШУСЯ-ны харъяа Соёлын өвийн Үндэсний төвийн биет бус өвийн бүртгэл мэдээллийн ажилтан Өвөрхангай аймгийн уугуул Цоодолын Жаргалсайханд талархаж байна.

Өвөрхангай аймагт мартагдсан, мартагдаж байгаа биет бус өв бий юу? Цаашид биет бус өвөө түгээн дэлгэрүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Өдөр тутамд л өв соёл алсарч, биднээс замхран холдож байна. Бид уламжлалт ахуйн хэрэглээ, зан үйлээсээ холдох тусам тэд хэрэггүй мэт болж, алдагдаж байна. Бас ямар өв юу алдагдсаныг ч бүрэн хэлэх боломжгүй, учир нь бид өмнө нь юу байсныг мэдэхгүй байгаа шүү дээ. Жишээлбэл, 13 дугаар зууны үед төв халхад ордны бүжиг, Тогорууцэг гэх бүжиг байсныг түүхийн сурвалж сануулж байна. Хаадын өргөө гээд суурьшмал соёл иргэншил байсан нь тодорхой учраас ордны бүжиг байх өндөр магадлалтай. Тэрийг судалж гаргаж ирэх төлөвлөгөөтэй байгаа.

Өнгөрөгч сард Г.Намхайдагва гуайн 100 жилийн ойг тохиолдуулан БСУГ-аас түүний үр хүүхдүүдтэй хамтарч, сийлбэрийн уралдаан зохион байгуулахад тэргүүн байр эзлэх сийлбэр алга гэж байна. Монголын сийлбэрийн уран дархчуул, Соёлын гавьяат зүтгэлтнүүдийн ихэнх нь Өвөрхангай аймгийнх байдаг. Монгол Улсад сийлбэрийн төрлөөр гавьяат цол хүртсэн Д.Гүнд, Л.Дорж, С.Сэнгээ, Д.Гэлэгдандар Л.Чуваамэд нарын алдартнууд бүгд Өвөрхангайнх.

Гэтэл өнөөдөр сийлбэрийн уралдаанд тэргүүлэх бүтээл ирэхгүй байгаа нь маш харамсалтай юм. Энэ бол сийлбэрийн өвөө алдаж байгаагийн илрэл. Гэвч Өвөрхангайд сийлбэрийн төрлөөр өвлөн уламжлагч хүн байх ёстой, цаашид хөгжүүлэх шаардлагатай гэдэг үүднээс Хужирт сумын сийлбэрч Ч.Батхуяг гэх залууг батламжилсан. Уран дархан хүний хүү, сийлбэрийн төрлөөр олон бүтээл туурвисан, ур чадвар сайтай залуу бий.

Ер нь бол энэ даяаршлал гэх зүйл хүний оюун санаа, сэтгэлгээг идэж байна гэж би үздэг. Өөрөөр хэлбэл бид “Монголоо алдах” асуудалд орж байгаа. Гэрт амьдрахгүй, гэрийн уламжлалт тавилга, хогшлоо эдэлж хэрэглэхгүйгээс болоод зарим эд зүйл мартагдаж байна. Малаа мориор биш мотоциклиор хариулдаг болсноор ногт, чөдөр, эмээл, хазаар, бугуйл хэрэглээнээс гарч мартагдаж хэрэггүй мэт санагдана. “Сурагчдад чөдөр гэх оньсогыг таалгах шаардлага байгаа юмуу. Тэр хүүхэд чөдөр гэж юу болохыг мэдэхгүй шүү дээ” гэж хэлж байгаа багш байна. Дээлээ оёж өмсөхгүйгээс болж товч, шилбэ хаддаг эмэгтэй цөөрч байна. “Тэмээний ачлагатай холбоотой хом, эдлэл хэрэглэл бүрэн олдохоо байж” гэж саяхан нэг хүн хэлж байсан. Даяаршлын нөлөөнд бид ийм байдалд орж, өдөр тутамд өвөө алдаж эхэлж байна. Бидний зүрхэнд, тархинд, сэтгэлгээнд минь “энэ миний юм, манай нутгийнх, Монголын юм” гэж бахархах үзэл төлөвшихгүй, хайрлаж харамлах сэтгэлгээ суухгүй бол тэнд хил манаад зогсож байгаа цэрэг зүгээр бэлгэдэл болчихно.

Биет бус өвийг өвлөн уламжлах нь зөвхөн боловсрол, соёлын байгууллагынхан хийх ёстой ажил, асуудал биш ээ. Ээжийнхээ зүү ороох авьяасыг өвөлж авч үлдэх, нэг уртын дуу сураад аялаад үлдэх нь таны үүрэг юм. БОЭТ-ийн сувилагч эмч хөөмий яагаад сурч болохгүй гэж. Сурах ёстой. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд байнгын шагайн харвааны хэд хэдэн баг байж яагаад болохгүй гэж... Тэгж байж бид авч үлдэнэ. Хүн бүр л өөрөө өөртөө соёлын өвлөгч байж сая дархлаа тогтоно.

-“Соёлын өв-Хөгжлийн дархлаа” форумын хүрээнд илрүүлсэн, сэргээсэн өв соёл бий болов уу?

-Төв халхад хөөмийн язгуур өв байсан юм байна. Гаргаж ирсэн хүн нь нэрт хөөмийч Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул С.Зулсар агсан. Тэрээр төв халхын исгэрээ хөөмийн суурийг тавьж, Олон улсад хөөмийн урлагийг сурталчилсан хүн. Хэдийгээр 30 гаруйхан насалсан ч дэлхийн 20 оронд тоглолт хийж, хөөмий хэмээх гайхамшигт язгуур өвийг авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан авьяастан юм. Тиймээс түүний нэрэмжит “Хөөмийн улсын уралдаан”-ыг Монголын Хөөмийн холбоотой хамтран зохион байгуулсан.

Бид ерөөл, магтаалаас гадна туулийг төв халхад байдаг болов уу гэж итгэдэг. Халх туулийг Хайрхандулаан сумын Дамдинцэвээний Эрдэнэбат гуай зохиосон. Тиймээс “Шилдэг өвлөн уламжлагч”-аар батламжилсан байгаа.

-Манай улс биет болон биет бус 14 соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлж, дэлхийд дансалсан. Үүнд Өвөрхангайгаас оруулсан хувь нэмэр бий юу?

-Монгол гэрийн уламжлалт үйлдвэрлэлийн технологийг Дэлхийн өвд бүртгүүлэхэд Өвөрхангай аймгаас 900 өвлөн уламжлагчийн судалгааг авч явуулсан. Энэ судалгаа өвд бүртгүүлэхэд гол үүргийг гүйцэтгэсэн. Мөн айрагны өв соёлын язгуур Өвөрхангай аймагт байна гэдгийг баталж, тус аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Улсын алдарт уяач Дашзэвэгийн саальчин охин Д.Гүндэгмаа эгч маань “Биет бус өвийн ардын урлагийн 2018 оны их наадам”-д хамгийн дээд гурван шагналыг авч байсан.

Нэг баяртай мэдээг дуулгая. Д.Гүндэгмаа эгчийн айраг исгэх судалгаа, хөхүүрийн соёлд үндэслэн "Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэлээ. Энэ нь Өвөрхангайд хөхүүрийн айраг исгэх уламжлалт арга технологи өв язгуураараа оршиж байгаагийн нэг томоохон баталгаа боллоо гэж ойлгож байна.

-“Соёлын өв-Хөгжлийн дархлаа” форумаас нийт Өвөрхангайнханд зориулсан “Арвайхээрийн тунхаглал” гаргасан.  Үүнийг товч тайлбарлаач?

-Уг форумд аймаг, сумдын удирдлага, боловсрол, соёлын байгууллагуудын төлөөлөл, аймгийн биет бус өв өвлөн уламжлагчид зэрэг 95 хүн оролцсон. Энэ үеэр төв халхын мартагдаж буй язгуур биет бус өвийг сэргээн уламжлуулах,  шавь сургалтыг хөгжүүлэх, соёлын биет бус өвийг соёлын үйлдвэрлэлтэй хослуулан аялал жуулчлалын брэнд болгох, нутгийн онцлогтой дууны өв санг авч үлдэх зэрэг олон чухал асуудлыг хэлэлцлээ.

Оролцогчдын зүгээс тунхаглал гаргах нь зөв гэж үзэн “Арвайхээрийн тунхаглал”-ыг гаргахаар шийдвэрлэсэн. Тунхаг бичиг гэдэг нь төр засгаас нийт ард түмэнд тушаах зарлигийн шинжтэй гарсан зүйл бол тунхаглал нь бүх нийтээр дагаж мөрдөх бичиглэл юм. Тунхаглал гаргахтай холбогдуулж, редакцийн зөвлөл байгуулсан. Тус зөвлөл нь орон нутгаас нэмж санал аваад уг баримт бичгийг эцэслэн гаргаж, орон нутгийн удирдлагууддаа өргөн барина. Удирдлагуудаас үүнтэй холбогдуулан шийдвэр гаргаад нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх байх аа. Үүнийг хувь хүн бүр мөрдөж ажиллавал соёлын өвийн дархлаа тогтоно, биет бус өв өвлөн уламжлагдана.


-Та соёл судлаач хүн. Таныг сэтгэлийг эмзэглүүлж, бухимдуулж байгаа зүйл юу вэ?

-Сэтгэл дотроо хашхирдаг зүйл үнэхээр байгаа. Монголоо алдах гэдэг үг нь явцуу хийгээд өргөн утгаараа алдана аа л гэсэн үг. Өдөр тутамдаа өв соёлоосоо алсарч хэрэггүй мэт санагдах тэр үед бид алдаад байгаагаа анзаардаггүй. Угийн бичгийн ач тусыг мэдэхгүй үл тооно. Хэнтэй садан төрөл хэнтэй ураг холбох хамаагүй болно. Бахархах сэтгэл хөөрөл, мэдрэмжгүй болох тэр үед “Маньд ямар хамаатай юм” гэсэн сэтгэлгээ бий болчихвий гэхээс соёлын асуудал хариуцсан хүний хувьд санаа зовж байна. Хэрвээ ийм байдалд хүрвэл 800 хятад иргэн битгий хэл 8 сая өвөрлөгч иргэн орж ирсэн ч хамаагүй гэж боддог болох вий. Нэг л мэдэхэд бид гаднах төрхнөөс өөр зүйлгүй болох вий дээ. Үүнд эмзэглэж байна.

-Ургийн бичиг үйлдэх нь биет бус өв соёл уу?

-Бид угийн бичиг гэж ямар чухлыг мэднэ. Гэтэл удам угсаагаа угийн бичигт авч үлдэх ямар чухлыг өнөөдөр ерөөсөө авч хэлэлцэхгүй байна. 16 дугаар зуунд Манж чин гүрэн Монгол Улсыг хэтэрхий бага нэгжид хувааж, бэйл, бэйс, гүн гэх цол хэргэм олгож байсан нь удмын санг бохирдуулах бодлого байсан юм. Тэр хэлбэр өнөө хэр нь үргэлжлээд сум, багийн бүтцэд хуваагдсан. Үүнээс шалтгаалж, алсуур цус ойртолт Монгол Улсын хэмжээнд 85 хувьд хүрээд байна. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад хар хайрцагны бодлого гэж байдаг. Япончууд аль болох баруун Европчуудтай гэр бүл болж, тэр улсын сайн генийг авчрах бодлого баримталж байна.

Угийн бичиглэл хөтлөх тухай асуудлыг бид бодлогын түвшинд, хийж хэрэгжүүлэх түвшинд нь анхаарсаар ирсэн. 2017 оны эхээр аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгавраар аймгийн хэмжээнд угийн бичгийн хөтлөлтийг эрчимжүүлэх үүрэг өгч, энэ дагуу 85 сургагч багш бэлтгэн сумдад ажиллуулсан. Гэхдээ нэг л сайн эрчимжихгүй байна.

“Та хэн баймаар байна вэ?” гэх уриалгыг цахим сүлжээгээр эхлүүлж, олон нийтийг уриалан дуудсан байсан. Энэ нь мөн л өв соёлтой холбоотой юу?

-“Та хэн баймаар байна?” гэж асуухаар мэдээж хэрэг “... ажиллаж хөдөлмөрлөн эх орондоо ихийг бүтээсэн иргэн...” гэж хэлнэ. Том зорилго, том хүсэл тэмүүллээ илэрхийлэх байх. Харин би нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй, зөвхөн тухайн хүндээ л байдаг биет бус өв соёлын тухай асууж байгаа юм. Даяаршлын түрлэгт бид түргэн өөрчлөгдөж, шинэ рүү тэмүүлэхийн хэрээр өв соёлоосоо аажуухнаар холдоод байх шиг санагдах юм. Гадаад орны соёлыг хэт их даган дуурайж, дэлхийд цор ганц Монгол гэж ялгагдах өв уламжлалаа гээгээд байх шиг... Хүн бүр өөрөөсөө дээш таван үеэ нэрлэдэг, мэддэг, өврийн сайхан хангайн өв соёлоор бахархсан омогшсон, түүнийгээ өвлөхийн төлөө хичээсэн өвлөсөн иргэн баймаар байна. Хэтэрхий их мэдээлэл, мэдлэг дундаас өөрийгөө хайгаад нэг үзээрэй гэж уриалж байгаа юм.

-Хүн бүрийг биет бус өвөө өвлөн тээгч гэж та хэлсэн. Таны хувьд биет бус өвийн ямар төрлийг өвлөн тээж байна вэ?

-Та хэрэв анзаарсан бол би хүмүүсийг ургийн овгоор нь дуудаж байгаа. Бандихүү овогт Гочоогийн Ганболд, Шаварт овогт Жамганбазарын Пүрэвсүрэн, Их Тугчин овогт Баярсайханы Хосбаяр, Халзан овогт Равжихын Намгилрагчаа гэх мэт. Би хүний нэрийг овгоор нь бүтэн дуудах дуртай. Сая форумын үеэр оролцогчдоо ингэж дуудсан юм.

-Монголын өв соёлыг эзэнтэй байлгах гэж хичээн зүтгэж байгаа танд баярлалаа. Амжилт хүсье.

 

 

Холбоотой мэдээ