“Орон сууцны оршин суугчид орчиндоо цэвэр амьдаръя” аян өрнүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-11 16:16:44

Ховд /МОНЦАМЭ/. Сэтгүүлч болон өсвөр үеийн хүүхдүүдээр дамжуулан олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, хог хаягдлыг бууруулах зорилго бүхий “Орон сууцны оршин суугчид орчиндоо цэвэр амьдаръя” аян өрнөв.   

Тус аяны талаар сурвалжиллаа. Аяны үндсэн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд “Ховдын мэдээ” сонины дэргэдэх “Байгаль сэтгүүлч” клуб, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан аж.  

Энэ хүрээнд Ховд аймгийн төвд байгаа хамгийн олон оршин суугчтай Эсба, Домбот хотхон гэх орон сууцны орчны бохирдлыг бууруулах чиглэлд нөлөөллийн ажил зохион байгуулжээ.  

Энэ үеэр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн А.Цэен-Ойдов хүүхдүүдтэй уулзаж, хог хаягдлын тухай хуулийг танилцуулав.

Үүнд Цаст-Алтай цогцолбор сургуулийн 8в ангийн сурагч Б.Номт, Н.Анарчулуун, Х.Оюунбадам, Б.Заяабуян, О.Сарантуяа гэх хүүхдүүд оролцсон юм.

Эдгээр хүүхдүүдийг хичээл тараад явж байх үед санамсаргүй байдлаар сонгож оролцуулжээ.

Энэ үеэр мэргэжилтэн А.Цэен-Ойдов хэлэхдээ, хүүхдүүд орон сууцны орчны хог хаягдал, бохирдолд өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлоо илэрхийлж байгаа нь орон нутагтаа анхдагч санаачилга хэмээн онцоллоо. Мөн хог хаягдлыг ангилан ялгаж хэвших, аливаа өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх нь хүн бүхэнд хамааралтай гэв.    

Харин хүүхдүүд Эсба, Домбот хотхон гэх орон сууцны орчны хог хаягдлын байдалтай газар дээр нь танилцаад үзэл бодлоо нээлттэй илэрхийлсэн юм. 

Цаст - Алтай сургуулийн 8в ангийн сурагч Баяраагийн Номт: Цэвэр орчинд амьдрах юмсан...

Хогийг бид дахин боловсруулж, ангилж сурах ёстой. Хог гэдэг зүйлээс болж бидний амьдралд асар их хор хөнөөл учирч байна. Бид цэвэр агаар, эко хотод амьдарч болохгүй юм гэж үү. Би энэ аянд оролцоод идсэн чихрийн цаасаа хогийн саванд хийж, замдаа тааралдсан хогийг хараад саванд нь хийх юм сан гэж боддог болсон. Тэгээд хог хаягдлаас болж амьтан шувуу хүртэл үхэж хорогдож байна гэж бодож байна. Би нэгэн удаа Домбот хотхоны дэргэд явж байтал салхи шуурч, миний нүүрэн дээр хог хийсч  наалдсан. Энэ үед би дотроо гомдож, цэвэр орчинд амьдрах юмсан гэж бодсон. Гэвч хаана, хэнд хэлэх вэ гэдгээ мэдээгүй.

Сурагч Баттулгын Заяабуян: Бид хог хаяхгүй, цэвэрлэх ажилд идэвхтэй оролцох нь зөв

Хогийг бид нар хаяж, өөрсдөө орчноо бохирдуулдаг. Тэгэхээр гэртээ байгаа хог хаягдлаа ангилж сурмаар юм байна. Бидний ангилсан хогийг дахин боловсруулдаг бол хог ингэж овоорохгүй, орчин бохирдохгүй. Бас үе тэнгийнхэн, ахлах ангийн сурагчид сургууль орчны хог хаягдал цэвэрлэхдээ маш их ичдэг. Хог хаягдал түүх, цэвэрлэх нь бохир муухай гэж ярьдаг. Энэ бол буруу юм байна. Бид өөрсдөөсөө эхлээд хог хаяхгүй, бас хог цэвэрлэх ажилд идэвхтэй оролцох нь зөв гэж уриалмаар байна.

Сурагч Хүрэлчулууны Оюунбадам: Орон сууцны гадна талбайн хог эмх замбараагүй, бохир байна

Би Мянгад сумаас шилжиж ирсэн. Манай сумын сургуулийн хүүхдүүд сард нэг удаа сумын төвийн захиргаа, сургууль, эмнэлэгийн орчны хог хаягдлыг цэвэрлэж байсан. Би ч идэвхтэй оролцож байлаа. Харин аймгийн төвд ирээд орон сууцны гадна талбайн хогийг харсан чинь манай сумынхаас их. Бас эмх замбараагүй, бохир байна.  

Сурагч О.Сарантуяа: Хогийн савыг нь төрөлжүүлбэл аливаа өвчин гарахгүй байх

Би “Танайд хоноё” нэвтрүүлгээр нэгэн эгч гэртээ хогоо ангилаад ногооны хальсыг тусгай уутанд хийж малдаа өгч, хоолны үлдэгдлээ нохойнд, будаа, тариа бусад хог хаягдлыг шувуунд гэх мэтээр ялгасаар байгаад жижигхэн гялгар уутанд маш жаахан хог хаяж байсныг харсан. Тэр эгч хэлэхдээ, хогийг ангилж сурвал хаягдал гэж байдаггүй гэж хэлсэн. Энэ нь бид бүгд суралцах зүйл гэж ойлгож авсан. Түүнтэй нэгэн адил орон сууцны оршин суугчид хогоо ангилаад хэвшчихвэл боломжтой. Мөн хогийн савыг нь төрөлжүүлээд өгвөл хогноос болж  өвчин гарахгүй байх гэж бодож байна.

Мөн эдгээр хүүхдүүд гэр бүл, найз нөхөддөө хогоо ангилж хэвшие гэж заавал хэлнэ. Бас томчууд хогны асуудалд анхаарч, ангилан ялгах савтай болж, олон хүнийг ажилтай болгоосой гэх санал хэлж байв.

Холбоотой мэдээ