Европын Холбооны Хүний эрхийн шагналыг 9 эрхэмд гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-10 12:49:36
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Францын ЭСЯ, Италийн ЭСЯ хамтран хүний эрхийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй 9 эрхэмд Европын холбооны хүний эрхийн шагналыг анх удаа гардууллаа.


1948 оны 12-р сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталснаас хойш жил бүр энэ өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жил хүний эрхийн өдрийг “Залуус хүний эрхийн төлөө нэгдэж байна” уриатайгаар тэмдэглэж буй бөгөөд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцыг тунхаглан зарласны 30 жилийн ой энэ онд мөн тохиож буй юм.



Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лаурэнцю Христеа шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж хэлэхдээ, “Сүүлийн 70 жилийн хугацаанд НҮБ-ын Хүний эрхийн тунхаглал улс орнуудад хүний эрхийг дээдэлсэн хүчирхэг ардчиллыг бэхжүүлсээр ирсэн. Хэдхэн өдрийн өмнө Монгол улс Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоо тэмдэглэхэд хүмүүс ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, чөлөөт сонгуулийг шаардаж байгааг бид харлаа.

Хүний эрхийг дээдлэх нь ардчилсан нийгмийн тогтвортой хөгжил, энх тайвныг сахин хамгаалах хамгийн чухал зүйл.

Харамсалтай нь, олон улс оронд хүний эрх тэр дундаа хүйс, арьс өнгө, бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхах үзэгдэл ажиглагдсаар байна. Тиймээс өнөөдөр Монгол Улсад хүний эрхийг хамгаалахын төлөө ажиллаж буй идэвхтнүүдэд Европын Холбоо, Франц, Итали болон бусад улсын ЭСЯ-дууд хүндэтгэл илэрхийлж байгаа юм. Хүний эрхийг хамгаалал нь Европын Холбооны дотоод болон гадаад бодлогыг тодорхойлдог гол зарчмын нэг бөгөөд хүн бүрт харилцан хамааралтай зүйл юм. Бид хэзээд Хүний эрхийн төлөө өдөр бүр зүтгэдэг хүмүүсийг  хамгаалж, дэмжих болно” хэмээгээд энэ үйл ажиллагааг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна хэмээн онцлов.


Европын холбооны Хүний эрхийн шагналаар дараах идэвхтэн, албан байгууллагыг өргөмжиллөө:



Хүний эрхийг хамгаалагчаар улс төрч, зохиолч Ц.Оюунгэрэл



Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үйлсээрээ “Глоб интернейшнэл төв”-ийн ерөнхийлөгч Х.Наранжаргал



Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, эрх тэгш нийгмийг бий болгохын төлөө үйлсээрээ ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Болороо



Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах үйлсээрээ Монголын ЛГБТ төвийг төлөөлж тус төвийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтуяа



Төрийн байгууллагаас иргэний нийгмийн байгууллагын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахын төлөө хийсэн ажлаараа ХНХЯ.



Хүйсийн эрх тэгш байдлыг сурталчлан таниулах, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг үйлсээрээ УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь



Ардчилсан засаглалын үндсэн оролцогч болох Иргэний нийгмийн байгууллагыг төлөөлөгчөөр МУИС-ийн ХЗС-ийн багш О.Мөнхсайхан



Хүүхдийн эрхийг хамгаалах ажлаараа ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс.



  Энх тайвны төлөө шагналыг Гандантэгчинлэн хийдийн гавж Д.Нямсамбууд хүртээсэн бөгөөд шагналыг түүний шавь гардан авсан юм.


Холбоотой мэдээ