Далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах бүлэг байгуулах санаачлагыг дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-06 16:47:02
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Далайд гарцгүй орнуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн Венийн үйл ажиллагааны 2014-2024 оны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэх өндөр түвшний хурал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы ивээл дор энэ сарын 5-6-нд Нью Йорк хотноо болж байна.


Өнөөдрийн хурлаар далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын эрх ашгийг хамгаалах, эдгээр орны хөгжилд дэмжлэг болоход чиглэсэн заалтууд туссан, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодит үйл ажиллагаа, арга хэмжээ авахыг уриалсан Улс төрийн тунхаглалын төслийг баталж, гишүүн улс орнууд байр сууриа илэрхийлэв.


Энэхүү өндөр түвшний хурал нь хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг дүгнэх, хүрсэн үр дүн, бэрхшээл сорилтыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг ярилцах, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх замын зураглалыг тодорхойлох зорилготой юм. Хурлын нээлтэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы дарга Т.Мухаммад-Банде, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррес, НҮБ-ын орлогч ЕНБД бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эхрэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаману нар оролцлоо.


Манай улсын хувьд Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэх өндөр түвшний хурлын бэлтгэл ажилд хувь нэмрээ оруулан, хөтөлбөрийн Евро-Азийн бүсийн хэрэгжилтийг хэлэлцэх хурлыг даргалж, эл хурлын төгсгөлийн баримт бичиг боловсруулах, хэлэлцээ хийх багийг ахалж ажилласны зэрэгцээ энэ оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх нь” сэдэвт олон улсын хурлыг амжилттай зохион байгуулсан билээ.


Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд өндөр түвшний хуралд үг хэлэхдээ ДГХБО-ын Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, манай улсын санаачлагуудыг онцолсны зэрэгцээ Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг оролцогч талуудад, тус төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэхийг ДГХБО-дад уриалав.


Мөн далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах, ялангуяа худалдаатай холбоотой үйл ажиллагааны уялдааг хангах, зохицуулалттай болгох зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд ДГХБО-ын бүлэг байгуулах санаачлагыг манай улс дэвшүүлж буйг тэрээр тэмдэглэж, энэ асуудлаар далайд гарцгүй орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


НҮБ-ын гишүүн улс орнуудын төлөөлөгчид дэд бүтэц, бизнесийн орчныг сайжруулах, төр, хувийн хэвшил, хөгжлийн түншлэлийг бэхжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн түлхүү үйлдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, туршлага чадварыг бэхжүүлэхэд чармайлт гаргах шаардлагатайг хурлын үеэр онцоллоо.


Холбоотой мэдээ