УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-06 16:30:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.


Уг хуулийн төслийн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нар энэ сарын 3-нд өргөн мэдүүлсэн юм. (Хуулийн төслийн танилцуулгыг эндээс,  дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү)


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд сонгуулийн үед шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, тойргийн хүн амын тэгш байдлыг хэрхэн хангах талаар тодруулж байлаа.


Хуулийн төслийн 26.3-т Иргэдийг засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсооно хэмээн заажээ. Мөн уг асуудлыг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар шийдвэрлэхээр тусгасныг УБЕГ-ын дарга Б.Баасандорж хэллээ.


УИХ-ын сонгуулийн тухай хуульд тойргийг байгуулахдаа сонгогчийн тоог тодорхой болгож, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэс нь зэргэлдээх байхаар тусгасан гэдгийг хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тайлбарлав. Түүнчлэн сонгуультай холбоотой маргааныг тухайн жилд нь шийдвэрлэдэг байхаар тусгасныг онцоллоо.


УИХ-ын сонгуулийн хуульдаа эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 25-аас доошгүй болгох, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг улс төрийн намуудтай ярилцаж шийдвэрлэх, санхүүжилтийн асуудлыг тодорхой тусгах шаардлагатай гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа нар дурдав.


Ийнхүү санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ