Сонгодог хөх өнгийг 2020 оны гол өнгөөр тодорхойлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2019-12-05 15:57:38

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Pantone Color Institute” хүрээлэнгийн мэргэжилтнүүд ирэх оны гол өнгийг тодорхойллоо. Энэ бол "Pantone 19-4052" кодтой сонгодог хөх өнгө юм.


“Pantone Color Institute” нь загвар, хэвлэл, интерьер дизайн, сурталчилгаа, кино гэх зэрэг янз бүрийн салбарт өнгөний сонголт хэрхэн нөлөөлдгийг судалдаг төв юм. “Хувиран өөрчлөгдөшгүй сонгодог цэнхэр өнгө нь энгийн байдлаараа гоёмсог харагддаг. Амар амгаланг бэлэгддэг энэ өнгө нь хүний сэтгэлд амар амгалан, тайван байдлыг мэдрүүлдэг” гэж тус төвийн мэдээлэлд дурдсан байна. “Pantone 19-4052 сонгодог хөх өнгө нь тууштай, өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлэх бөгөөд энэ бол бид үргэлж найдаж болох цэвэр, найдвартай өнгө юм. Хөх өнгө нь бидэнд үдшийн намуухан тэнгэрийг санагдуулдаг” гэж өнгөний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Леатрис Эйсман ярьсан байна.


“Pantone Color Institute” 2000 оноос хойш гол өнгийг тодорхойлсоор иржээ. Өнгөрсөн жил тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд улбар шар өнгийг гол өнгөөр нэрлэжээ. “Pantone” нь өнгөний чиг хандлагын талаар журам гаргагч биш бөгөөд чиг хандлагыг тогтоодоггүй, харин зөвхөн жилийн мэдээллийг цуглуулж, тайландаа тусгадаг аж. 


Тус хүрээлэн нь мөн дэлхийн өнгөний чиг хандлагын талаар таамаг дэвшүүлэхийн зэрэгцээ шинэ бараа бүтээгдэхүүн, брэндүүддээ ямар өнгө ашиглах талаар үйлдвэрлэгч компаниудад зөвлөгөө өгдөг байна. Олон шинжээч “Pantone” хүрээлэнг дэлхийн хамгийн нэр хүндтэй бөгөөд өнгө, сүүдрийн талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн эх сурвалж. гэж  үздэг ажээ.  


Холбоотой мэдээ