Богд Зонховын 600 жилийн ойг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-05 14:54:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Язгуурын гурван бурхдын хувилгаан, хоёрдугаар ялгуусан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг тэмдэглэх тухай  Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд өнөөдөр мэдээллээ.


Тэрбээр, “Хоёрдугаар Ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг энэ жил дэлхий нийтээр тэмдэглэх гэж байна. Тиймээс   Гандантэгчэнлин хийд, Эрдэм соёлын хүрээлэн, хүрээ хийдүүд, Тэргүүн лам нарын зөвлөл хамтран Богд Зонховын 600 жилийн ойг тэмдэглэх ёслолыг энэ сарын 7,8-ны өдөр зохион байгуулна.

Арванхоёрдугаар сарын 7-нд Тэргүүн их Хамба лам нийт монголчуудад Аврал од болохын хөтөлбөр, Бурхны шашинтай хүн байх болон Богд ламын намтрыг бүтэн өдрийн турш тайлбарлан таниулж, Мэгзэмийн лүн хүртээнэ.

Тус өдрийн 17:00 цагаас эхлэн Гандантэгчэнлин хийдэд цугласан лам, хуврагууд монголчуудын сайн сайхан болон даян дэлхийн энх амгалангийн төлөө бүхэл шөнөжин ном хурна.

Арванхоёрдугаар сарын 8-нд 09:00 цагт Ганданэгчэнлин хийдийн хоёрдугаар ялгуусан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойн нээлтийн ёслол Батцагаан дуганд болно.

Энэ үеэр оюутан залуусын дунд зарласан "Бурханы шашин ба монголчууд" сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шагналыг гардуулж, Богд Зонховын нандин өв соёлын зүйлүүдийг дэлгэж, олон нийтэд үзүүлнэ. Эдгээр бүх үйл ажиллагаа  үнэ төлбөргүй, нээлттэй болох тул сүсэгтэн олон оролцох бүрэн боломжтой" гэлээ


Холбоотой мэдээ