Улс төрийн санхүүжилтийн тайлан ил тод байх ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-05 17:28:16
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс төрийн санхүүжилтийн хяналтын тогтолцоог олон улсад ихэвчлэн цахим хэлбэрээр шийдсэн байдаг. Тодруулбал, олон нийт сонирхож буй улс төрийн нам, нэр дэвшигчийн санхүүжилт, зарцуулалтын дэлгэрэнгүй тайланг хяналтын байгууллагын цахим хуудаснаас татаж авах боломжтой байдаг аж. Түүнчлэн тухайн тайланг хэдий хугацаанд нийтэд ил тод байлгах ёстойг ч хуулиндаа тусгасан байдгийг өнөөдөр болсон “Улс төрийн санхүүжилтийн хяналтын тогтолцоо: Олон улсын туршлага” хэлэлцүүлгээр онцоллоо.


Хэлэлцүүлэгт БНЭУ, Латви, Гүрж зэрэг улсын хяналтын байгууллагын төлөөлөл, олон улсын шинжээчид оролцлоо.   


Ардчилсан сонгуульд дэмжлэг үзүүлэх International IDEA хүрээлэн, Нээлттэй нийгэм форум хамтран Улс төрийн санхүүжилт, ёс зүйн оролцоо төслийн хүрээнд Монголын улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчины судалгаа хийжээ. Судалгаагаар намууд зөвхөн сонгуулийн үеэр л санхүүжилтээ тайлагнадаг бөгөөд хариуцлага хүлээх эрх зүйн зохицуулалт сул байгааг онцолжээ.


International IDEA хүрээлэнгийн Монгол дахь төслийн зохицуулагч Б.Баттуул: “Намын болон нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилтийг СЕХ хариуцаж, Үндэсний аудитын газар хяналт тавьдаг. Харин түүнийг олон нийтэд ил тод мэдээлэх зохицуулалт байдаг ч хэрэгжихгүй байна. Мөн сонгуулийн бус үеэр улс төрийн намууд өөрөө өөрийгөө хянах тогтолцоо буюу санхүүгийн тайлангаа өөрсдөө олон нийтэд ил болгох хуультай ч хэрэгжүүлэхгүй байна. Сонгуулийн бус үеэр ч нам дотор маш их мөнгө эргэлдэж байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Улс төрийн намуудын санхүүжилтийн хэмжээ харилцан адилгүй байдаг ч МАН, АН нийт санхүүжилтийн 80 орчим хувийг бүрдүүлж байгаагаас үзэхэд мөнгөтэй нам улс төрийн гол тоглогч болдог гэх хардгалыг төрүүлж байна” гэв.



Латви улсын Авлигатай тэмцэх агентлагийн Улс төрийн намын хяналтын газрын дарга Амилижа Рейтума: “Манай улсад Авлигатай тэмцэх агентлагийн Улс төрийн намын хяналтын газар улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг хянадаг бөгөөд хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэй. Бид өнгөрсөн хугацаанд улс төрийн намын санхүүжилтийг багасгах чиглэлээр зорилт тавин ажиллаж ирсэн. Саяхан хууль тогтоомжид орсон шинэ өөрчлөлтөөр улсаас улс төрийн намын санхүүжилтийг 10 дахин өсгөсөн. Ингэхдээ хувь хүнээс авч буй намын хандивыг 21 мянган евро байсныг 2000 еврогоос дээшгүй байхаар хязгаарлаж өгсөн. Учир нь төрөөс олгож буй санхүүжилт нь 10 дахин өссөн. Одоо манай улсад туршилтаар хэрэгжүүлж буй хууль тогтоомжоор улс төрийн нэг намд жилд улсаас 837 мянган еврог олгохоор хуульчилсан байгаа. Жишээлбэл, улс төрийн аль нэг нам улсаас 800 мянган еврогийн санхүүжилт авсан бол тэр нам бусад хандиваар 37 мянган еврог л авах ёстой” хэмээв.


Харин БНЭУ улс төрийн санхүүжилтийг банкны сүлжээг ашиглан хянадаг талаар БНЭУ-ын Сонгуулийн комиссын дарга Викрам Батра ярилаа. Тэрбээр: "Намууд санхүүжилт, зарцуулалтаа банкаар хийдэг. Бэлэн мөнгөөр маш бага хэмжээний төлбөр тооцоо хийх боломжтой. Жишээлбэл хэвлэх зардалд 10 000 рупигээс их хэмжээний мөнгө бэлнээр зарцуулах боломжгүй гэх зохицуулалтыг хийснээр тухайн намын зарцуулалтыг хянах боломжтой болсон" гэв.



Холбоотой мэдээ