Сайн туршлагын үзэсгэлэн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 16:18:03

Өмнөговь аймагт "Сургалтын технологийн дэвшил - боловсролын чанарын баталгаа" үзэсгэлэнг зохион байгуулав. Энэхүү үзэсгэлэн нь сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсролын чанарын шинэчлэл "Авьяас", "Ном" дэд хөтөлбөрийн хүрээнд ЕБС, цэцэрлэгүүдийн хүүхэд бүрийг хөгжүүлж байгаа "Сайн туршлага"-ыг хуваалцах, олон нийтэд хүргэх зорилготой юм.

Танхимын бус сургалтын орчин, мэдээлэл харилцаа технологийн дэвшил, оролцоог хангасан менежмент, сургуулийн үйл ажиллагааны цогц тогтолцоо, багшлах арга зүйн шинэчлэл, багшийн хөгжил гэсэн чиглэлээр хэрхэн сургалт явуулдаг талаар иргэдэд хүргэлээ.

"Сургалтын технологийн дэвшил - боловсролын чанарын баталгаа" үзэсгэлэнг нийт 600 гаруй багш, иргэд үзэж сонирхсон байна. Энэ үеэр үзэсгэлэнд ирсэн хүмүүсээс сэтгэл ханамжийн судалгаа авахад 90 хувь нь "САЙН" гэсэн хариулт өгсөн байна.

Тус үзэсгэлэнд нийт 11 цэцэрлэг өөрсдийн арга зүйн туршлагаа танилцуулсан. Үүнээс Даланзадгад сумын 8-р цэцэрлэг “Зан үйлийн өргөө” арга туршлагаараа оролцсон нь олны сонирхолыг ихэд татсан байна. Энэхүү “Зан үйлийн өргөө” нь монгол гэрийг жижигрүүлсэн, иж бүрэн загвар бөгөөд буулгаж барьдаг онцлогтой ажээ. Өөрөөр хэлбэл хүүхүүд гэр барих, буулгах дарааллыг мэдэж авах, хамтран гэр барих аргад суралцахаас гадна үүгээр дамжуулан Монгол ахуй, ёс заншилаа танин мэдэж цогц мэдлэгтэй болох ач холбогдолтой ажээ. “Зан үйлийн өргөө” нь танхимын бус сургалтын орчны үйл ажиллагааны явцад хүүхдийн хөгжилд мэдэгдэхүйц ахиц гаргасан давуу талтай гэнэ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ