Аймгийн төсвийн орлогыг 8 тэрбум 16.6 сая төгрөг байхаар батлав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-12-03 14:17:14

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын хуралдаан 12-р сарын 02-ны өдөр 12.00 цагт Төлөөлөгчдийн 91.3 хувийн ирцтэй хуралдлаа. Энэ хурлаар найман асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцэх асуудлын дарааллын нэгдүгээрт, орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдлийг хуваарилан, аймгийн 2019 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай байв. Энэ асуудлыг хэлэлцэн баталлаа. Тухайлбал, аймгийн төсвийн орлогын нийт дүнг 8 тэрбум 16.6 сая төгрөг байхаар, аймгийн 2019 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 284.1 сая төгрөг байхаар баталсан. Мөн орлогын нэр төрлүүдийг тогтоолд дурдсанаар хавсралтаар баталсан юм.

Дараагийн асуудал нь аймгийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай байв. Аймгийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, газар хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээг сум бүрээр газрын хэмжээ, байршил, зориулалт, газар ашиглуулах хэлбэрээр тусган төлөвлөснийг илтгэгч аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хэллээ. Үүнд :

1.Иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа хашааны 1071 иргэний 186.88 га газрыг өмчлүүлэхээр,

2.Иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулан шинээр 453 иргэнд 50.96 га газрыг  өмчлүүлэхээр,

3.Дуудлага худалдааны зарчмаар  үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 69 байршилд 24.48 га газрыг эзэмшүүлэхээр,

4.Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 48 байршилд 10.72 га газрыг эзэмшүүлэхээр,

5.Аялал жуулчлалын зориулалтаар 19 байршилд 23.57 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр гээд нийт 15 хавсралт бүхий тогтоолыг гаргалаа.


Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлав


Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг  4 бодлогын хүрээнд 187 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлснээс өнөөдрийн байдлаар биелэлт 90.0 хувьтай байна гэж аймгийн Засаг даргын илтгэлд дурдагдлаа.

Аймгийн ИТХ-ын долоодугаар хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл батлагдсан.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2026, сум, агентлагийг үндэслэн 4 бүлэг 15 чиглэл, 105 зорилтын хүрээнд 171 арга хэмжээг төлөвлөсөн байна.


Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг "Хангалттай" гэж олонхын саналаар дүгнэв

12 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт Төлөөлөгчдийн 91.3 хувийн ирцтэй эхэлсэн аймгийн ИТХ-ын долоодугаар хуралдаан шөнийн 01.00 цагт дууссан. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны онд хийсэн ажлын тайланг сонсоод "Хангалттай" гэж дүгнэлээ. Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг "Хангалттай" гэж олонхын саналаар дүгнэж, баталлаа.

Дараагийн асуудал нь орон нутгийн өмчөөс 2020 онд хувьчлах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг батлах тухай байлаа. Эрдэнэбулган, Батцэнгэл, Ихтамир, Хотонт, Цахир гэсэн сумын нийт 8 байршилд хувьчлахаар санал оруулсан үл хөдлөх хөрөнгүүд нь ашиглалтын хугацаа дууссан, зориулалтын дагуу ашиглах боломжгүй, шаардлагагүй болсон үл хөдлөх хөрөнгүүд байв.

Хэлэлцэх асуудлаар дараалал ёсоор цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог 50 байхаар баталж, хамгийн сүүлд Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталснаар ИТХ-ын долоодугаар хуралдаан өндөрлөлөө.

Холбоотой мэдээ