НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-25 17:10:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон Элейн Конкиевичийг энэ сарын 25-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хатагтай Э.Конкиевич Итгэмжлэх захидлаа гардуулав.


НҮБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг тууштай дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэмдэглээд Суурин төлөөлөгчийн газрын ажлыг дэмжихээ илэрхийлэв. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй бодлогыг бэхжүүлэх, ногоон технологийг нэвтрүүлэх, Peacebook форумыг хамтран зохион байгуулахад хамтран ажиллахаа дурдлаа.


Хатагтай Э.Конкиевич НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр жендэрийн тэгш байдлын хангах, хүүхэд залуучуудыг чадавхжуулахад эн тэргүүний ач холбогдол өгч ажиллаж буйг дурдаад Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ онцлов.


АНУ-ын иргэн Э.Конкиевич нь 2014 оноос хойш НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Казахстан Улс дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаад Монгол Улсад томилогдож буй юм. Тэрбээр НҮБ-аас гадна Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE), Швейцарын хамтын ажиллагааны  байгууллагад ажиллаж байсан туршлагатай ажээ.

Холбоотой мэдээ