Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-21 10:58:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.


Монгол Улс 2017 онд FATF-ын "саарал жагсаалт"-д орох эрсдэл үүсэж, тодорхой зөвлөмж биелүүлэхийг шаардсан. ЭЗБХ-ны энэ оны зургаадугаар сарын хуралдаанаар, тус байгууллагын зөвлөмжийг Монголбанк хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэжээ. Тиймээс Төв банкны тухай хуулийн 26.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн" бол Монголбанкны удирдлагыг чөлөөлөхөөр заасныг үндэслэж Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөс чөлөөлөх саналтай байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 5-ны хуралдаанаар, Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг дэмжсэн байна. 


Түүнчлэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 19-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад уламжилжээ. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Т.Аюурсайхан, Н.Оюундарь асуулж асууж, тодруулан, үг хэлсний дараа Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн 57.1 хувь дэмжлээ. 

Холбоотой мэдээ