Олимпиадын аваргууд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурах эрхээр шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-11-20 10:16:27
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны сарын аяны хүрээнд орос хэлний олимпиад зохион байгуулж Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн 12 дугаар ангийн 20 сурагч оролцлоо.

Олимпиадын аваргаар Дархан-Уул аймгийн Б.Төгөлдөр, Э.Алтанцоож, Б.Балдандорж, Б.Амартүвшин, Б.Пүрэвчимэд, Орхон аймгийн Ц.Марал-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Б.Баянсувд, Булган аймгийн Б.Цогдарь нар шалгарч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурах эрхийн  бичгээр шагнуулав.

Мөн энэ үеэр орос хэл, соёлын баярын нээлтийн үйл ажиллагаа болж Оросын соёл шинжлэх ухааны төвөөс Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд 1500 орчим долларын үнэ бүхий ном, сурах бичгийг  шилжүүлж өгсөн байна.

Түүнчлэн “Оны шилдэг Орос хэлний багш” шалгаруулах уралдаанд оролцсон Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 10 багшийн зургааг ОХУ-д нэг жил хүртэлх хугацаагаар мэргэжил дээшлүүлэх эрхийн бичгээр шагнажээ.

Ташрамд дурдахад, сурагчдын дунд зохион байгуулсан орос дуу, шүлгийн уралдааны дууны төрөлд  Булган аймгийн  Хутаг-Өндөр сумын сурагч А.Дөлгөөнзул, Орхон аймгийн тавдугаар сургуулийн “Звезда” хамтлаг, сурагч Д.Хулан нар эхний байрт, шүлгийн уралдаанд Орхон аймгийн Орхон-Эмпати  сургуулийн сурагч С.Солонго нар түрүүлсэн байна.  

Холбоотой мэдээ