Хиргисүүр хөндсөн иргэдэд торгууль ногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-15 19:04:54

Эртний хиргисүүр хөндсөн иргэдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар захиргааны арга хэмжээ авч торгууль ногдуулсан байна. Энэ тухайд улсын байцаагч Л.Ганбатаас тодруулсан юм.

Гурвансайхан сумын 4- р багийн нутаг дахь Ирвэстийн хиргисүүрийг хөндсөн таван иргэнийг Цагдаагийн  газар илрүүлэн шалгасан бөгөөд дээрхи хиргисүүр нь түүх соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад ороогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн Прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

Булш, хиргисүүр нь түүх, соёлын үл хөдлөх дурсгал бөгөөд Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрдэм шинжилгээний болон авран хамгаалах хайгуул, малтлага судалгаа хийхээс өөрөөр түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хөндөх ёсгүй байдаг. Тиймээс хиргисүүр хөндсөн иргэдэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу 500 мянган төгрөгийн торгууль ногдуулсан гэдгийг улсын байцаагч хэллээ.Хиргисүүр хөндсөн иргэд Гурвансайхан сум, Улаанбаатарын харъяат байжээ.

Үүний араас мөн Дэлгэрцогт сумын нутаг дахь Бага газрын чулуунд хадгалагддаг эртний хиргисүүр хөндөгдсөн тухай мэдээлэл Мэргэжлийн хяналтын газарт ирсэн байна.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ