"Монгол Жангар" туулийн багц номыг нийтийн номын сангуудад бэлэглэлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-11-18 15:16:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монгол  Жангар" монгол ардын баатарлаг тууль багц номын нээлт Монголын Үндэсний номын санд өнөөдөр болов. Уг номыг улсын хэмжээний 376 номын санд бэлэглэх бөгөөд үүний эхлэл болгож Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын болон Улаанбаатар хотын 11 номын санд гардууллаа. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсан "Соён гэгээрүүлэх аян"-ы хүрээнд "ДАС ихэр" сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр "Монгол  Жангар" монгол ардын баатарлаг туулийг 1900 багц  ном болгон хэвлэжээ.

Номын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож хэлэхдээ  “Монгол Жангар” тууль нь эвтэй найртай амьдрах, нөхөрлөх, эх нутгаа хайрлах, хамгаалах, эх оронч үзэлтэй болгох зэрэг хүмүүжлийн асар их ач холбогдолтой. Туулийг номын сангуудад хүлээлгэн өгч байгаа нь өсвөр үе, хүүхэд багачууд, олон нийтийг өв соёл, уламжлал, түүх, ёс заншлаа танин мэдэх, сэргээх, бахархах, гэгээрүүлэх ажлын эхлэл" хэмээн тэмдэглээд Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод номын дээжээс гардууллаа.

Монголын эртний аман зохиолын дээжийн нэг болох энэ туулийг Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт зохиолч, түүхч, ардын аман билэгзүйч Д.Сүрьяа эмхэтгэн 1986 онд хэвлэхэд бэлэн болгожээ. Тэрбээр 1910 онд Халимагт тод үсгээр хэвлэсэн 10 бүлэг, 1958 онд Өвөр Монголд хэвлэсэн 13 бүлэг зохиолыг эх болгон, Монгол Улсын олон аймаг, ястны дунд үе дамжин ирсэн тууль, үлгэр, домгийн хувилбаруудыг олон жил судалсны үндсэн дээр 17 бүлэг, удиртгал, төгсгөл, тайлбарын хамт нэгэн боть болгон баринтагласан юм байна.


"Монгол Жангар" монгол ардын баатарлаг туулийг 2018 онд ахмад зохиолч Д.Сүрьяагийн 100 жилийн ойд зориулан анх хэвлэж олон нийтэд түгээсэн бол, БСШУСЯ-наас улсын нийтийн номын сангийн салбар бүрт хүргэх ажлыг өнөөдрийн номын нээлтээр ийнхүү эхлүүлж байгаа аж. 

Д.Сүрьеэгийн үр хүүхдүүд "ДАС ихэр" сан байгуулж цаашид энэ туулийг Монголын айл бүрт, хүүхэд бүрт, хүн бүрт хүргэхээр ажиллаж байгаа юм байна.

Номын нээлтэд МУСГЗ, туульч Э.Баатаржав цоор, алтай ятгын аялгуунд "Алтайн магтаал", "Жангар"  туулиас хайлсан юм.

Ташрамд дурдахад, “Монгол Жангар” тууль нь ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв”-ийн жагсаалтад бүртгэгдсэн билээ.

Холбоотой мэдээ