Үндсэн хуульд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-15 16:53:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталж ирэх оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас эхлэн дагаж мөрдөхөөр болсон. 


УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангахтай холбоотой, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой, Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт гэсэн дөрвөн хэсэгт боловсруулжээ. 


Энэ удаад Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт, түүний ач холбогдлыг танилцуулж байна. 


Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт

1. Хот, тосгоны эрх зүйн үндсийг тодорхой болгох

Хуучин заалт: 57.2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Өөрчилсөн заалт: 57.2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. 

Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.


Ач холбогдол: Хот, тосгон өөрийн удирдлагаа хэрэгжүүлэх, эрх шилжүүлэн олгосноор, төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, эдийн засгийн хувьд харьцангуй бие даан хөгжих боломж бүрдэнэ. Хот нь улсын болон орон нутгийн зэрэглэлтэйгээр /Дархан, Эрдэнэт хот/ эрх хэмжээ, чиг үүргийн хувьд ялгамжтай байдлаар хөгжих нөхцөл тодрох юм. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлснээр, орон нутгийн түвшинд төрийн болон өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх хэмжээний давхардал арилна. 


2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх журам

Хуучин заалт: 57.3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

Өөрчилсөн заалт: 57.3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.


Ач холбогдол: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх эсэх асуудлыг тухайн нутгийн иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэх зарчмыг хэвээр хадгална. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг Засгийн газар ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлдэг болно. 


3. Нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн үндэс

Хуучин заалт: 59.2. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.

Өөрчилсөн заалт: 59.2. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно.


Ач холбогдол: Сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох буюу эдийн засгийн төвлөрөл багасах улмаар орон нутгийн эдийн засгийн харьцангуй бие даасан байдал нэмэгдэх эерэг нөлөөтэй. Мөн аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүртээ нийгэм, эдийн засгийн хувьд хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг бүхий субьект байж, тэдгээрийн өмч болон төсвийн харилцааг ялгамжтайгаар тогтоох боломж бүрдэнэ. 

Холбоотой мэдээ