Трампын татварын тайланг дэлгэхгүй байхыг Дээд шүүхээс хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-11-15 13:45:54

ВАШИНГТОН. /Ukrinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 2011-2018 оны татварын тайланг дэлгэхийг шаардсан шүүхийн өмнөх шийдвэрийг хүчингүй болгох хүсэлтийг түүний өмгөөлөгч нар Дээд шүүхэд гаргажээ. Энэ тухай “The Hill” сонинд Дональд Трампын өмгөөлөгч Жей Секуловагийн мэдэгдлээс иш татан мэдээлсэн байна. 


“Шүүхийн энэхүү шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчиж байгааг бид хүсэлтдээ дурдсан. Дээд шүүх Үндсэн хуульд хамаатай энэ чухал хэргийг хянан үзэж, давж заалдах шатны шүүхээс гаргасан аюултай, хор хөнөөлтэй шийдвэрийг хүчингүй болгоно гэж найдаж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн өмгөөлөгч мэдэгдсэн байна.


Даваа гарагт Холбооны улсын шүүгч АНУ-ын Ерөнхийлөгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг буцаасан нь Дональд Трампын татварын тайланг Конгрессоор хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлжээ.


Өнгөрсөн долоо хоногт мөн Манхэттений давж заалдах шатны шүүх Трампын өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна. 

Холбоотой мэдээ