АНУ-ын хамгийн баян Ерөнхийлөгч хэн байв?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-04-15 13:49:31

ВАШИНГТОН. /VOA/. Дональд Трамп хэдий хэрийн хөрөнгө чинээтэйг мэдэх хүн бараг үгүй. Тэрбээр хэрэв энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялбал АНУ-ын хамгийн баян Ерөнхийлөгч болох нь тодорхой юм.

1974 онд эцэг нь өөд болоход тэрбээр 40 сая долларын хөрөнгө өвлөн авсан гэдэг. “Bloomberg”-ийн тооцоолсноор, Трамп 2.9 тэрбум долларын хөрөнгөтэй ажээ. Харин Трамп өөрөө үүнээс ч их хөрөнгөтэй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь тэрбээр "миний зөвхөн нэр л гэхэд гурван тэрбум доллароор үнэлэгдэнэ" хэмээн ярьдаг.

Харин Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Хиллари Клинтон тэрбумтан биш боловч чинээлэг эмэгтэйд тооцогдоно. 2014 онд тэрбээр өөрийн гаргасан номоо худалдаж 14 сая долларын орлого олсноо дурдсан байна. Түүний нөхөр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон Хиллари нарын хөрөнгө нийлээд 11-53 сая долларын хооронд хэлбэлзэнэ гэж “24/7 Wall St.” корпораци тооцоолжээ.

АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч нарын хөрөнгө чинээ ямар байсныг сонирхуулахад, Америкийн анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон одоогийн ханшаар 525 сая долларын хөрөнгөтэй байжээ. Харин Барак Обама баян айлд төрж өсөөгүй ч гэлээ 5 сая долларын хөрөнгөтэй болсон бөгөөд энэ мөнгөний ихэнх нь номын зохиогчийн шагнал юм.

Гэхдээ АНУ-ын төрийн тэргүүн нар бүгдээрээ чинээлэг хүмүүс байгаагүй юм. Ерөнхийлөгч Гарри С. Трумэн АНУ-ын хамгийн ядуу Ерөнхийлөгч байсан бөгөөд тэрбээр тухайн үед одоогийн ханшаар нэг сая доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй байжээ.

АНУ-ын хамгийн баян таван Ерөнхийлөгч:

Жорж Вашингтон (1789-1797) АНУ-ын анхны Ерөнхийлөгч. Нийт хөрөнгө: 525 сая доллар

Томас Жефферсон (1801-1809) 3 дахь Ерөнхийлөгч. Нийт хөрөнгө: 212 сая доллар

Теодор Рузвельт (1901-1909) 26 дахь Ерөнхийлөгч. Нийт хөрөнгө: 125 сая доллар

Эндрю Жексон (1829-1837) 7 дахь Ерөнхийлөгч. Нийт хөрөнгө: 119 сая доллар

Жеймс Мэдисон (1809-1817) 4 дэх Ерөнхийлөгч.  Нийт хөрөнгө: 101 сая доллар

Д.Нямтулга

 

 

 

 

Холбоотой мэдээ